Жастин Капла, “Жаст”-ын Батхүү нарын өрийг тэглэхэд огт дуугараагүй байж тэтгэврийн хөгшидтэй барьцаад яахав дээ

2020-01-05 229

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилээр “Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна” гэж мэндчилгээ дэвшүүлсэн.

Шинэ оныг гэрэл гэгээтэй эхлүүлсэн эл үг зарим нэгний хувьд өөлөх баалах үзүүр сэжүүр болж буй нь харамсалтай. Гүрж улс олон зуун мянган иргэнийхээ өрийг тэглэж, эдийн засгийн шинэ гарц хайсан алхам хийсэн. Монгол Улсад 400 гаруй тэтгэврийн ахмад настнаас 71 хувь нь тэтгэврийн зээлтэй байгаа. Тэрийг нь Ерөнхийлөгч Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар өрийг нь тэглэе гэхэд дургүйцэх нь үнэндээ гайхал төрүүлж байна. Баячуудын татварын өрийг тэглэхэд Монголын нийгэмд эсэргүүцэж аа гэх дуу ч гараагүй. Энэ талаар ганц нэг баримт дурдъя!

Жастин Каплагийн 35 тэрбум төгрөгийн өрийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэглэхэд хүмүүс юу ч дуугараагүй

Жастин Капла гэх нэрийг монголчууд одоо мартсан ч байж мэднэ. “Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирал асан, АНУ-ын иргэн энэ хүнд Монгол Улсын шүүх 2015 оны нэгдүгээр сарын 30-нд “Компанийн 2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг зөрчиж 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсан” хэргээр ял оноосон. Түүнтэй хамт тус компанийн санхүүгийн ерөнхий менежер Филиппин улсын иргэн Кристобэл Ж.Дэвид, Хиларион В.Кажуком нар 5.10 жил, 5.6 жилийн ял сонсож байсан. Үйл явдлаас хойш сар ч болоогүй байхад (2015-02-26 өдөр) Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдэнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлсөн байдаг. Ерөнхийлөгчийн Монгол Улсад төлөх ёстой татвараас бултсан гадаадын иргэдэд үзүүлсэн өршөөл нийгэмд хурц маргаан дэгдээсэн бол Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа “Монголоо бодоод ийм шийдвэр гаргалаа” хэмээн бичиж байлаа. “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж иргэдийнхээ өмнө Үндсэн хууль болон бусад хуулийг шударгаар биелүүлэх тухай ам өчгөөсөө хазайж татвараас зугтсан хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла нарт уучлал үзүүлсэн нь буруу. Нутаг буцсан Жастин Капла нар 35 тэрбумын төлбөрөө төлөх үү” гэх мэт олон байр суурийг дэлгэж байсан. Монголчуудыг энд хэвлэл мэдээллээр ийн маргаж байхад эрх чөлөөтэй болсон Жастин Капла эх орондоо хөл тавиад АНУ-ын хэвлэлүүдэд “Би маш аз жаргалтай байсан. Суллагдах хүртэлээ өршөөлийн мэдээнд итгэж өгөхгүй байсан. Тэд над дээр ирээд чи өнөөдөр гэртээ харина гэж хэлсэн. Энэ үед их сайхан байсан” хэмээн ярьсан бол АНУ-ын хэвлэл мэдээллийнхэн “Жастин Каплагийн эцэг эхийн сэтгэл эмтэрч Ерөнхийлөгч Барак Обама руу Монголын Ерөнхийлөгчид хандахыг хүсч өдөржингөө мэйл бичиж байсан” гэж мэдээлсэн байдаг.

image

Цагтаа олны анхаарлын төвд байж, хүн болгоны ярьж байсан энэ сэдэв өнөөдөр их далайн гүнд шидэгдсэн чулуу шиг чимээ аниргүй болжээ. Ингэж 2012 оны дөрөвдүгээр сараас эхлэн он жил дамнан “Саусгоби ресурс” компанийг шалгасан хууль хяналтын байгууллагынхны ажил талаар болсон юм. Үүний нөгөө талд төр татвараа төлөлгүй луу унжсан нэг гадаад компанийн өмнө буулт хийх байсан юм бол шалгалт шүүлэг явуулж, өрийн данс үүсгэн, татвар, цагдаа, прокурор, шүүх зэрэг төрийн гол гол байгууллагуудаа ажиллуулах хэрэг байсан юм гэж үү гэдэг асуулт заавал хөндөгдөх учиртай юм. Уг нь Монголын төр тэднийг хорих ялаас чөлөөлсөн болохоос татварт төлөх ёстой өрнөөс салгаж “уучлаагүй” билээ. Харин энэ өр төлөгдсөн тухай ямар ч мэдээлэл байдаггүй. Монголоо боддог л юм бол одоо “Саусгоби ресурс” компани болон Жастин Капла нараас 35 тэрбум төгрөгийн татварын өрөө нэхэхэд болохгүй гэх газаргүй.

“Жаст”-ын Батхүүгийн 40 сая ам.долларын өрийг төр дарахад ч дуугараагүй

Монголчууд бид үнэхээр сонин улс гэдэг нь “Жаст”-ын Батхүүгийн өрийг төр дарахад огт дуугараагүй явдал гэрчилдэг. “Стандарт” банкны өрийг 40 сая ам.доллар болгон бууруулж төллөө. Яаж зүгээр байхав, үүнийг тойрсон эргэлзээ бас явж л байна. Тухайлбал, зуучилсан компанид 40 саяыг өгч харин “Стандарт” банкны үндсэн өр болон хүүнд зэсийн баяжмал өгөх болсон гэх яриа явж байсан. Аль нь ч бай, Монгол Улсаас ямар ч үр ашиггүйгээр гарч буй мөнгө. 40 сая ам.доллар гэдэг ядарсан Монголд бага мөнгө биш байсан. Үүгээр юу барьж болохыг багцаалбал нэлээдгүй том бүтээн байгуулалт болно. Цагтаа Монголын толгой баячуудын нэгээр нэрлэгдэж, Ерөнхий сайд асан С.Баярын баруун гарын дүү гэгдэж явсан Ш.Батхүүгийн “баас”-ыг Монголын төр ингэж цэвэрлэсэн. Батхүүгийн олон тэрбум төгрөгийн өрийг Монголын төр тэглэж байхад юу ч дуугараагүй мөртлөө өнөөдөр тэтгэврийн хөгшдийн зээлийг тэглэнэ гэхэд олон долоон юм ярьцгааж буй нөхдөд ёстой “Хол очиж хуцаач чи” гэж хэлмээр санагдаж байна. Татварын өршөөлийн хууль баталж ААН-үүдийн өрийг чөлөөлөхөд дуугараагүй байж хэдэн хөгшний тэтгэврийн зээлийг тэглээ ч үгүй байхад олон долоон юм ярих гэж байвал үнэхээр хачирхалтай санагдаад байгаа юм. Тэтгэврээ өвлөдөг хуулийг 2012 оны УИХ баталсан боловч МАН 2016 онд хүчингүй болгосон. Тэгсэн мөртлөө тэтгэврийн өрийг тэглэнэ гэхээр тээг садаа болно гэдэг үнэхээр эрүүл биш үзэгдэл мөн юм даа.

Холбоотой мэдээ