Хүн дайрч хөнөөсөн этгээдийг 12 жилийн дараа илрүүлжээ

2020-01-03 165

Одоогоос 12 жилийн өмнө буюу 2007 оны наймдугаар сард Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордны аркны ойролцоо 30 орчим насны эрэгтэй хүн гадны нөлөөтэй нас барсан хэрэг гарчээ. Дээрх хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч гэмт хэрэг үйлдсэн хүн нь тогтоогдоогүй үндэслэлээр хэргийг түдгэлзүүлсэн байсан аж.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2018 оны арваннэгдүгээр сард эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргүүдийг татаж хянах явцдаа уг хэрэгт зарим гэрчээс мэдүүлэг аваагүй байсныг илрүүлж, дахин ажиллагаа явуулах даалгаврыг мөрдөгчид өгч шалгуулсан байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд урьд нь гурван удаагийн ял шийтгэлтэй С.О гэгч нь дээрх “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ. Тус дүүргийн прокурорын газраас энэ оны есдүгээр сард хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна.

Холбоотой мэдээ