ТҮГЭЭГЧ ЗАЛУУ ХАШЛАГА ТҮШИЖ ЗОГССОН БИЕ ДАВХАР БҮСГҮЙГ БАЯРЛУУЛЖЭЭ

2019-12-30 159

Мах импэкс ХК-ийн түгээгч ажилтан гудамжинд яваа бие давхар ээжид тусалсан тухай мэдээ цахим орчинд олны талархлыг хүлээж байна.

Шинэ жилийн баярт зориулан машинаа сэтгэл гарган гоёсон энэ залуу гудамжинд хашлага түшиж зогсоо найман сартай бие давхар бүсгүйг харсан даруйдаа хүрч очин, биеийг нь асууж, машиндаа суулган гэрт нь хүргэж өгчээ. Шинэ онд шинэ хүүхдээ өлгийдөн авах гэж буй ээжийн сэтгэлийг уг үйл явдал ихэд хөдөлгөсөн талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Энэ тухай Э.Н хэлэхдээ “Амьдрал гэдэг санаанд оромгүй аз жаргалаар дүүрэн юмаа. Би гэдэг хүн одоо 8 сартай жирэмсэн анхны хүүхдээ тун удахгүй өлгийдөн авах шинэхэн ээж. Өнөөдөр ЭХО-д харуулаад гарч ирээд зам руу дөхөх санаатай алхаж байтал хөл өвдөөд хатгаад дээр нь жаахан ядраад хашлага түшээд зогсож байсан чинь энэ зургийн эзэн болох залуу над дээр сандарсан байдалтай хүрч ирээд зүгээр үү эмнэлэг орох уу гэхээр нь би гэдэг хүн бас зэрэгцэж сандраад юу билээ гэж хэсэг бодоод үгүй ээ баярлалаа би зүгээрээ гэтэл алив би чамайг хүргээд өгье жирэмсэн тогоо шиг гэдэстэй эмэгтэй 9 эхэлчихсэн хүйтэнд гээд л…. Хүний сайхан сэтгэлээр намайг хүргэж өгсөн байдаг юм. Унасан машин нь хүртэл нүдэнд тусахаар гоёл чимэглэл болсон сэтгэл шигээ сайхан тэрэгтэй энэ залууд би баярласан сэтгэлээ илэрхийлж ч чадахгүй буусан болохоор энэ хүнийг таньж мэдэх хүн дамжуулж өгөөрэй.

жич: манай нөхөр ажилтай байсан учир би гэдэг хүн том толгойлоод л гарчихсан юм. Сая нөхөртөө утсаар хэлээд зураг явуулсан чинь яасан мундаг залуу вэ тэр машин тэрэг гээд л намайгаа биш нөгөө мундаг залууг магтаад сүйд шүү” гэжээ.

Холбоотой мэдээ