“The Hu” хамтлагийн “The Great Chinggis Khaan” клип дэлхийн шилдэг болжээ

2019-12-28 266

Шинэ оны босгон дээр Америкийн “Revolver” сэтгүүлээс 2019 оны дэлхийн шилдэг арван клипийг тодруулахад Монгол Улсын “The Hu” хамтлагийн “The Great Chinggis Khaan” клип багтжээ. Хамтлагийн талаар тус сэтгүүлийн газар бичихдээ “Монголын “The Hu” рок хамтлаг олон сайхан клипээрээ алдаршсан. Ялангуяа “The Great Chinggis Khaan” клип нь олон хүнд хүрсэн. Тэдний эрэлхэг дайчин байдал, эрч хүч рок хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж байна” гэж бичсэн нь олныг анхаарлыг улам татаж байна” гэжээ. Уг уран бүтээл нь Монголын их гүрнийг үндэслэгч Чингис хааны тухай дуу юм. Зураг авалтыг Их хааны төрсөн нутаг Бурхан халдунд 30 хэмийн хүйтэнд хийсэн байна.

МУГЖ, дуучин Б.Дашдондогийн олон жил чимээгүй хөдөлмөрлөж бий болгосон “The HU” хамтлаг ингэж дэлхийд цойлов. Гэнэт л монгол хамтлагийн дуу АНУ-ын “ITUNES”-д US TOP 100 дууны 30 дугаарт, TOP 40 рок дууны нэгдүгээрт эрэмбэлэгдэж, Леди Гага /Lady Gaga/-ийн “Always remember us this way”, Күин /Queen/ хамтлагийн “Bohemian Rhapsody” зэрэг хит дуунуудтай өрсөлдөх болсон. Хамтлаг АНУ-ын томоохон групп “E7”-той гэрээ байгуулж, ганцхан жилийн дотор Европ, АНУ-аар тойрон аялал хийж, сая сая шүтэн бишрэгчидтэйгээ уулзлаа. “ХҮ” хамтлаг АНУ-ын рок хамтлаг “Папа Роач”-ын дуучин Жэйкоби Шаддиxтай хамтран “Wolf Totem” дуугаа шинэчлэн, Элтон Жоноос магтаалын үг сонсож, Хойд Америкийн хард рок урсгалын “Revolver” сэтгүүлийн нэрлэсэн шилдэг 10 клипийн нэгт “The Hreat Chinggis Khaan” дуугаараа багтав. Тэдний энэ бахдам амжилтыг үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан”-аар шагнав. Ерөнхийлөгч Х.Баттулга гавьяат жүжигчин Дашдондогт шагнал гардуулахдаа “The Hu” хамтлаг алтан “Гэрэгэ” адил дэлхий даяар Монголын нэрийг дуурсгалаа” хэмээсэн юм. “The Hu” хамтлаг дэлхийд гарч, Европыг байлдан дагуулахдаа 13 оронд 23 тоглолтоо хийсэн бол Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолтыг хийжээ.

Австралийн алдарт хөгжмийн зохиолч, тоймч Мич Чарьлтон Монголын “The Hu” хамтлаг, “The Gereg” цомгийн талаар шүүмж, магтаал нийтлэл бичсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан. “Хөгжимд хил гэж үгүй, хязгаар гэж байхгүй. Бразилд Сепултюра, Германд Раммштайн, Австралид “Эй-Си Ди-Си”, харин одоо Монголд “The Hu” байна. Дорно, өрнө халз тулгарсан газраас та бидэнд одоохондоо хөгжмийн ертөнцөд буй бүхнээс тэс өөр, жинхэнэ язгуурыг авчирч байгаа нь энэ. Эдгээр Монгол залуус ой тоонд багтамгүй аялгуугаараа дэлхий дахинд өөрсдийн соёлоо таниулж байна. “The Hu” хамтлаг, тоглож байгаа хөгжмийг таалахын тулд дуулж байгааг заавал бүрэн ойлгох ёстой бишийг ч баталж байгаа юм” гэж тэрбээр нийтлэлдээ онцолжээ. “The Hu” хамтлаг ирэх онд Япон улсад тоглолтоо хийхээр төлөвлөөд буй. Тодруулбал, “THE GEREG TOUR JAPAN-2020” тоглолт Токио хотноо гуравдугаар сарын 12-нд “Shinjuku BLAZE” энтертайнмент төвд, Осака хотноо гуравдугаар сарын 13-нд “Umeda Club Quattro” клубт тус тус тоглох юм байна. Тасалбарын хувьд 7000 иенийн үнэтэй худалдаалагдах аж. “The Hu” хамтлаг эх орондоо ирээд удаагүй ч 2020 оны нэгдүгээр сард Европыг дахин байлдан дагуулахаар шинэ оны төлөвлөгөөндөө багтаажээ.

Холбоотой мэдээ