Хятадын иргэн их хэмжээний валют хилээр нэвтрүүлэхийг завджээ

2019-12-28 183

Хууль бусаар их хэмжээний бэлэн мөнгө хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдол гарчээ. Хоёр хоногийн өмнө Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн БНХАУ-ын иргэн C гар тээшиндээ их хэмжээний валютыг гаалийн байгууллагад мэдүүлэлгүйгээр хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн байна. Тэрбээр өнөөдрийн ханшаар нийт 425 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг хувийн хэрэглээний эд зүйлдээ нуусан байдалтайгаар хил нэвтрүүлэхийг завджээ. Энэ зөрчилд хэрэг үүсгэн шалгаж байна.

Монгол Улсын хилээр 15 сая төгрөг ба түүнтэй тэнцэх хэмжээний валют бэлнээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг. Харин үүнээс их хэмжээний мөнгө авч явах бол Гаальд мэдүүлэх үүрэгтэй билээ. 2019 оны байдлаар Гаалийн ерөнхий газар ийм төрлийн долоон удаагийн зөрчил илрүүлж, 674.7 сая төгрөг хурааж, 101.2 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Холбоотой мэдээ