МЬЯНМАРТ ӨЧИГДӨР 38 ТЭМЦЭГЧ АМИА АЛДЛАА

2021-03-04 39

Өчигдөр Мьянмарт 38 тэмцэгч алагдсаныг тус улсад томилогдсон НҮБ-ын элч Кристин Шранер Бургенер мэдээлжээ.

Ингэснээр өчигдөр Мьянмар улсад цэргийн эргэлт гарснаас хойших хамгийн их цус асгаруулсан өдөр боллоо.

Тус улсын зэвсэгт хүчнийхэн хоёрдугаар сарын 1-ний үүрээр төрийн эргэлт зохион байгуулж, бүх эрх мэдлийг гартаа авсан юм. Тэр үеэс хойш Мьянмарын иргэд цэргийн дэглэмийг эсэргүүцсэн жагсаал цуглаан зохион байгуулсаар байна.

Цэргийн эрхтнүүд Мьянмар улсын ерөнхийлөгч Вин Мьин, төрийн зөвлөх Аун Сан Сү Чи зэрэг удирдагчдыг баривчилж, хориод байгаа юм.

Лхагва гарагийн аллагын дараа Их Британи улсын засгийн газар Баасан гарагт НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулахыг уриалсан бол АНУ-ын засаг захиргаа Мьянмарын армийн удирдлагуудын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаа мэдэгджээ.

Цэргийн дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн жагсаалын үеэр өнгөрсөн хугацаанд нийт 50 гаруй хүн цагдаа, цэргийнхний гарт алагдсаныг НҮБ-ын элч Бургенер мэдээлсэн байна.

Цагдаа нар иргэдийг буудаж байгаа, эмнэлгийн тусламж үзүүлж буй сайн дурынхныг зодож байгаа дүрс бичлэгүүдийг олж авснаа тэр мэдээлжээ.

Зэвсгийн мэргэжилтнүүд дүрс бичлэгүүдийг шинжлээд цагдаа нар жинхэнэ сумтай 9мм-ийн хагас автомат буугаар буудаж байгааг тогтоосон байна.

Алагдсан хүмүүсийн дотор 14 ба 17 насны хоёр хүү байгааг Save the Children байгууллага мэдээлжээ. Мөн 19 настай эмэгтэй жагсаалын үеэр алагдсаныг баталсан байна.

Мягмар гарагт Мьянмарын хөрш орнуудын гадаад хэргийн сайд нар тусгай уулзалт зохион байгуулж, үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлэлцжээ. Тэд иргэдийн эсрэг зэвсэг хэрэглэхээ зогсоохыг, Аун Сан Сү Чи тэргүүтэй удирдагчдыг суллахыг цэргийн дэглэмд уриалсан байна.

Холбоотой мэдээ