Коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулах жагсаалтын сүүлээсээ хоёрт багш нарыг эрэмбэлжээ

2021-03-04 50

Монгол Улсад COVID-19-ийн эсрэг дархлаажуулалт энэ оны хоёрдугаар сарын 23-нд Ерөнхий сайдын анхны тарилгаар сүр дуулиантай эхэлсэн. Вакцинжуулалтыг эхлүүлэхээс өмнө Засгийн газар, ЭМЯ бүх бэлтгэлийг хангасан талаараа удаа дараа мэдээлж байв.

Хамгийн түрүүнд БНЭУ-аас ирэх 150 мянган тун АстраЗенека вакцинаар
  • төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн ажилтан 56,000 хүн,
  • цагдаа 53,000 орчим,
  • 50-аас дээш насны өндөр настан, архаг хууч, суурь өвчтэй эрхтэн шилжүүлэн суулгасан, гемодиализ, дараагийнх нь үйл ажиллагаа тогтвортой байх салбарын 20 хувьд хийнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн бол

нийслэл дэх эрүүл мэндийн ажилтнуудыг гурав хоногт дархлаажуулахаар төлөвлөснөө ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма хэлсэн.

Эрүүл мэнд сайд иргэдээ 2021 ондоо багтаан бүрэн дархлаажуулна гэж хэлсэн боловч бодит байдал дээр өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 11,120 хүн буюу өдөрт дунджаар 1,590 хүнд вакцин хийж байна.

Монгол Улс хүн амынхаа 60% буюу 2,015,280 хүний дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн бөгөөд яг энэ хурдаараа явбал 3.5 жил үргэлжлэх тооцоог бид өмнө нь гаргасан.
  

Дархлаажуулалт яагаад ийм удаашралтай байгаа шалтгааны талаар ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Цар тахлын үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад зай барих, вакцин хийлгэсний дараа ажиглах, хянах үйл ажиллагаа явагдаж байгаа учраас өдөртөө 1,000 гаруй хүнд вакцин хийж байна” гэсэн юм.

Одоогийн байдлаар Дүүргийн эрүүл мэндийн төвүүд дээрх 22 цэгт 31 багийн 220 гаруй, лавлагаа төвүүд дээр 10 багийн 80 гаруй гээд нийт Улаанбаатар хотын хэмжээнд 300 орчим эрүүл мэндийн ажилтан дархлаажуулалтын цэгүүдэд ажиллаж байна. Төлөвлөлтийн дагуу цаашаа ажиллахаар өрх, сумын эмч нараас судалгаа авсан байгаа гэдгийг нэмж халсэн. Харин Засгийн газрын 2021 оны нэгдүгээр сарын 20-ны хурлаар мэдээлснээр “Монгол Улсад КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн хүрээнд Дэлхийн банкнаас 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах бөгөөд тарилга хийх, гарч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх зорилгоор 8,000 орчим эмч, мэргэжилтэнг сургаж бэлтгэхээ мэдээлсэн байдаг.

Ийнхүү албаныхны зөрүүтэй мэдээллийн дунд вакцинжуулах үйл явц маш удаашралтай байна. Ямар ч байсан энэ сарын дундаас дархлаажуулалтаа “эрчимжүүлнэ” гэсэн хэмжих боломжгүй мэдэгдлийг Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр өглөө.

Одоогийн байдлаар Монгол Улсад хүн амаа дархлаажуулахад шаардлагатай 4,030,560 вакцинаас 460,000 тун буюу 11.4% нь бүрдээд буй. Үүнээс 310 мянган тун нь хоёр хөршийн буюу ДЭМБ албан ёсоор бүртгээгүй вакцинууд тул ХӨСҮТ-ийн Биобэлдмэлийн төвд хадгалж байна.

Тэгвэл дэлхийн улс орнууд дархлаажуулалтаа эрчимжүүлж, боловсролын салбартаа анхаарал хандуулж байгаа юм. Монгол Улсын тухайд нийслэлийн танхимын хичээлийг хэзээ нээх нь тодорхой болоогүй бөгөөд вакцинжуулах дарааллын сүүлээсээ хоёрт боловсролын байгууллагуудын ажилтнууд, багш нараа жагсаагаад байгаа билээ.

Холбоотой мэдээ