Хүүхдийн төлөө фонд шилэн байна

2021-03-01 38

Хүүхдийн төлөө фондыг шилэн данстай болгож, олон нийтэд тайлангаа танилцуулахаар болжээ. Энэ асуудлыг зохион байгуулагчдын нэг жүжигчин Г.Ундармаагаас тодруулахад “Хүүхдийн төлөө фонд дансаа шилэн болгож, вэб сайт дээр ил тод байршуулахаар ажиллаж байна. Бидний захиалга өгсөн багийнхан судалгаа хийж байгаа. Удахгүй албан ёсоор тайлангаа танилцуулна” гэв.

Хүүхдийн фонд байгуулах тухай Соёлын яамны санаачилгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэсэн.

Харин Ерөнхийлөгчийн зүгээс шинэ оны босгон дээр /2020.12.30/ Хүүхдийн төлөө фондод хөрөнгө цуглуулах санаачилга гарч, “Монгол туургатан” уран бүтээлчдийн теле концертыг МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэсэн. Хандивын тоглолтын зохион байгуулагчаар Соёлын яам ажиллаж, дансанд 2 тэрбум 222 сая төгрөг цугларсан юм.

Уг тоглолтыг Соёлын сайд асан С.Чулуун нээж үг хэлэхдээ төрийн байгууллагын бүх албан хаагчид болон уран бүтээлч 7000 гаруй хүн нэг өдрийн цалингаа хандивлах болсныг дуулгасан. Мөн хандивын тоглолт зохион байгуулах үеэр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нийслэлийн төр захиргааны нийт 34.942 албан хаагчийн нэг өдрийн цалин болох ойролцоогоор 1.4 тэрбум төгрөгийг хандивлаж байв.

Цаашид нэмэгдэх тус сангийн хөрөнгөөр Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театрын цогцолбор барихаар төлөвлөснөө дуулгасан юм. Хандивын үйл ажиллагаанд нийт 40 мянган хувь хүн, аж ахуй нэгж оролцсон гэх мэдээллийг зохион байгуулагчид өгч байсан билээ.

Холбоотой мэдээ