Цагдаа нарт найман цаг гаруй зодуулж хүнд бэртжээ

2019-12-26 250

Иргэн Б.Отгонбат Сэлэнгэ аймгийн цагдаа нарт зодуулж, эрүүл мэндээрээ хохирсон талаараа хэвлэлд хандлаа.

Тэрбээр “Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагч, цагдаагийн ахмад Бямбаагийн Батбаяр, хошууч Ганбаатарын Энхтулга, Дамдингийн Бүрэнбаатар нар намайг 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд үл таних эмэгтэйгээр дуудуулж, байцаалт авсан. Тухайн үед тэд согтуу байсан. Надад хилс хэрэг тохохын тулд эрүүдэн шүүж, хөлөндөө хүнд бэртэл автал зодсон. Хөдөө хээр аваачиж хаяна гэж заналхийлэн, найман цаг гаруй тарчлаан зовоосон. Миний хөл хүнд бэртэн, ажлын чадвараа 35 хүртэлх хувиар алдсан. Хөл мэдээгүй болж, эрүүл мэндээрээ хохирлоо. Анхан шатны шүүхээс эрүүгийн хэрэг байсаар байтал иргэний журмаар шийдвэрлэхээр болсон.

Би Монголд хоёр удаа хагалгаанд орсон. БНСУ-д мэс засал хийлгэх хэрэгтэй гэж эмч нар зөвлөсөн. Тэгэхэд 96 сая төгрөг шаардлагатай байгаа. Би ээжтэйгээ амьдардаг, группт байдаг. Хоёр жил шахам хугацаанд унжсан тавхайгаа сойгоод л алхаж явна.

Цагдаа нар намайг Зоригоо гэдэг хүнтэй хамт дээрэм хийсэн гэж гүтгэж байна. Би тэр хүнийг сайн танихгүй. Намайг зодсон цагдаа нарын эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг шүүхээс хүчингүй болгосонд гомдолтой байна. Яагаад гэвэл би эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон. Энэ хэргийг шүүх Иргэний шүүхийн журмаар нэхэмжлэх тогтоол гаргасан. Харин би эрүүгийн хэргээр нэг мөсөн хохирлын хэмжээгээ гаргуулж авмаар байна. Хэрэг хийсэн этгээдүүд над руу янз бүрийн хүмүүсээр утасдуулж, заналхийлж байна” гэлээ.

Холбоотой мэдээ