Крипто валютын харилцааг зохицуулах анхны хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлнэ.

2021-02-25 79

Крипто валют эзэмшигч өмч хөрөнгөөрөө хохирох тохиолдолд хэрхэн зохицуулах, маргааныг хэрхэн шийдвэрлэх, мөн түүнчлэн криптовалют, түүнийг зарж борлуулсан, энэ төрлийн үйлчилгээ үзүүлснээс олсон орлогоос татвар оногдуулах, харин тухайн үйлчилгээ үзүүлэгчийг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн нэгэн адил нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх эрх зүйн орчныг бий болгохоор тусгажээ.

 

 

Хууль зүй, дотоод хэргийн яам Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авахаар яамны  вэб сайтдаа байршуулжээ.

Монгол Улсын хувьд криптовалют нь албан ёсны хууль, эрх зүйн баримт бичгээр зохицуулагддаггүй, төлбөрийн хэрэгсэлд тооцогдохгүй, Үндэсний төлбөрийн системийн хуульд тодорхойлсон цахим мөнгө биш бөгөөд криптовалют эзэмшигч болон энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгч нь аль байгууллагаас тусгай зөвшөөрөл авах болон зохицуулагч байгууллага нь аль байгууллага байх талаарх зохицуулалт байхгүй байна. Гэвч иргэдийн хувьд криптовалютыг арилжааны хэрэгсэл болгон ашиглаж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Иймд, криптовалют эзэмшигч болон энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгчийн харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байгаа юм.

ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА:

Виртуал хөрөнгө эзэмшигч болон үйлчилгээ үзүүлэгч этгээд Монгол Улсад байгаа боловч эрх зүйн зохицуулалтгүй байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, тогтоомжийг судлахад Иргэний хуульд л биет бус хөрөнгийн тухай зохицуулалт байдаг ч виртуал хөрөнгийн нарийвчилсан зохицуулалт байхгүй мөн төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрт л төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэх харилцааг зохицуулсан, Татварын ерөнхий хуульд цахим хөрөнгөөс татвар авах зохицуулалт байхгүй боловч эдийн бус хөрөнгө буюу биет бус хөрөнгийг зарж борлуулах, түрээслэхээс олсон орлогод татвар ногдуулахаар байгаа. Авлигын эсрэг хуульд болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд хөрөнгө орлогын мэдүүлэгт виртуал хөрөнгийг бүртгүүлэх шаардлага тавигдаагүй, Төв банк (Монголбанк)-ны тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд ийм төрлийн үйлчилгээ үзүүлэгч нь аль байгууллагаас тусгай зөвшөөрөл авах болон зохицуулагч байгууллага нь аль байгууллага байх талаарх зохицуулалт байхгүй байна.

Эрх зүйн зохицуулалтгүй байгаа нь өмнө нь дурьдсанчлан тус технологийн шийдлийг буруугаар ашиглаж, үүсэж болох эдийн засгийн хор хөнөөл, учирч болох аюул өндөр байна. Цаашилбал, хариуцлагын тогтолцоогүй, виртуал хөрөнгө эзэмшигч өмч хөрөнгөөрөө хохирох тохиолдолд хэрхэн зохицуулах, төр ямар байдлаар оролцох, маргааныг хэрхэн шийдвэрлэх асуудал тодорхойгүй байна.

Иймд, Монгол Улсад виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчинг бүрдүүлж ФАТФ-аас гаргасан зөвлөмж 15-н хэрэгжилтийг ханган Монгол Улсыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс сэргийлэх харилцан үнэлгээнд эрсдэлтэй орны тоонд оруулах эрсдэлээс хамгаалах үүднээс виртуал хөрөнгийн зохицуулалт бүхий хууль тогтоомжийн төслийг Хууль, тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсрууллаа.

Виртуал хөрөнгийн үйлчилгээний тухай хуулийн төслөөр виртуал хөрөнгө, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг, тэдгээрт тавигдах нийтлэг болон нэмэлт шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэн тодорхойлж, үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх, хяналтын механизмыг бий болгож, тэдгээрийг гүйцэтгэх субьектын эрх үүргийг төсөлд тусгасан.

Түүнчлэн виртуал хөрөнгө, түүнийг зарж борлуулсан, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлснээс олсон орлогоос татвар оногдуулах, харин тухайн үйлчилгээ үзүүлэгчийг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн нэгэн адил нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх эрх зүйн орчныг бий болгож, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар хуулийн төсөлд тусгасан.

Монгол Улс виртуал хөрөнгө түүнтэй холбоотой үйлчилгээг хуульчилсанаар ФАТФын стандартыг биелүүлэх, эдийн засгийн эргэлт нэмэгдэх, гаднын хөрөнгө оруулагч нарыг татах, санхүүгийн хэрэглэгч олон төрлийн төлбөрийн хэрэгслийн сонголттой болж зардал багасах, татвар ногдуулах, хөрөнгийг хадгалж болох боломжууд нэмэгдэж тус хөрөнгө нь хуулиар хамгаалагдах болон даатгагдах боломжтой болох мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэл буурах эерэг нөлөөтэй байна.

Монгол Улс нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалт “саарал жагсаалт”-аас гарсан боловч ФАТФ-ын 15 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлж, виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулсан үндэсний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн хэвээр байгаа болно.

Дээрх үндэслэл, шаардлагын хүрээнд ФАТФ-аас гаргасан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандартад (ФАТФ-ын 40 зөвлөмж) Зөвлөмж 15-д 2018 оны 10 дугаар сард орсон өөрчлөлтөд тухайн улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо нь “виртуал хөрөнгөд” нэгэн адилаар үйлчлэхээр тогтож, ФАТФ-ын хүлээн зөвшөөрсөн нэр томьёонд “виртуал хөрөнгө” болон “виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч” нарыг тодорхойлсон.

ФАТФ-аас гаргасан зөвлөмж 15-н хэрэгжилтийг хангах чиглэлд хөгжингүй орнууд өөрсдийн хууль тогтоомжид холбогдох өөрчлөлтийг оруулж виртуал хөрөнгийн зохицуулалттай болж эхэлсэн. Жишээлбэл Европын холбооноос “Мөнгө угаахтай тэмцэх 5 дахь удирдамж” – (The Fifth Money Laundering Directive – 5AMLD) гаргаснаар гишүүн орнууд өөрсдийн Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулж виртуал хөрөнгийн зохицуулалтыг тусгах шаардлагатай болсон юм.

ХУУЛИЙН ТӨСЛӨӨС ОНЦЛОХ ЗААЛТУУДЫГ ДУРДВАЛ:

Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хуулиар Монгол Улсад бүртгэлтэй ашгийн төлөө хуулийн этгээд Монгол Улсад болон Монгол Улсаас гадаад улс руу энэ хуульд заасан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

3.2.Виртуал хөрөнгийн үйлчилгээнээс учирч болох эрсдэл, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болон түүний харилцагчийн хооронд хийгдсэн гэрээ, хэлцлээс үүсэх маргаан болон Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгө, бусад улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэрийг ашиглах, гүйлгээнд оруулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

3.3.Виртуал хөрөнгийн үйлчилгээнээс учирч болох эрсдэл, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болон түүний харилцагчийн хооронд хийгдсэн гэрээ, хэлцлээс үүсэх маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

Нэр томъёоны тодорхойлолт

4.1.2.”виртуал хөрөнгийн үйлчилгээ” гэж хүн, хуулийн этгээд, гэрээ хэлцэлд оролцогчийн нэрийн өмнөөс, тэдгээрийн захиалгаар, эсхүл тэдгээрт зориулан хийж байгаа виртуал хөрөнгийн дараах үйл ажиллагааг ойлгоно:

4.1.2.а.виртуал хөрөнгө, албан ёсны мөнгөн тэмдэгт хооронд нь арилжих;

4.1.2.б.нэг болон олон төрлийн виртуал хөрөнгийг хооронд нь арилжих;

4.1.2.в.виртуал хөрөнгийг шилжүүлэх (бусдын нэрийн өмнөөс виртуал хөрөнгийг нэг виртуал хөрөнгийн хаягаас, эсхүл данснаас нөгөө рүү шилжүүлэх);

4.1.2.г.виртуал хөрөнгө, түүнд хамаарах хэрэгслийг хадгалах. удирдах;

4.1.2.д.виртуал хөрөнгийг олон нийтэд санал болгох, худалдахтай холбоотой санхүүгийн үйл ажиллагаанд оролцох болон үйлчилгээ үзүүлэх.

4.1.3.“виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч” гэж энэ хуулийн 4.1.2-т заасан үйлчилгээний аль нэгийг, эсхүл хэд хэдийг үзүүлэхээр энэ хуульд заасны дагуу бүртгүүлсэн Монгол Улсын ашгийн төлөө хуулийн этгээдийг;

4.1.4.”харилцагч” гэж виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээс үйлчилгээ авч байгаа этгээдийг;

4.1.5.“холбогдох этгээд” гэж виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдийн хувьцааны тав, түүнээс дээш хувийг эзэмшдэг хувь хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн нэгдлийг;

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид тавигдах шаардлага

5.1.1.тухайн хуулийн этгээдийн үзүүлэх үйлчилгээ нь энэ хуулийн 4.1.2-т заасан виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарсан байх;

5.1.2.олон улсад нийтлэг ашиглагддаг бөгөөд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хүлээн зөвшөөрсөн технологийг ашигладаг байх;

5.1.3.хүсэлт гаргагч болон хүсэлтэд дурдсан үйл ажиллагаатай холбогдох бусад этгээдийн мэдээлэл тодорхой байх;

5.1.4.тухайн үйл ажиллагааг явуулах бүтэц, зохион байгуулалт, мэргэшсэн хүний нөөцтэй байх;

5.1.5.дотоод хяналтын болон мэдээллийг хадгалах системтэй байх;

5.1.6.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуульд заасан шаардлагыг хэрэгжүүлж ажиллах тогтолцоо, автомат хяналтын системтэй байх;

5.1.7.өөрийн хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны байх;

5.2.1.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;

5.2.2.Эрүүгийн хуулийн Арван наймдугаар бүлэг заасан Эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдоогүй байх;

5.2.3.ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь тухайн бизнесийн үйл ажиллагааг удирдахад харшлахгүй байх;

5.2.4.дээд боловсролтой, банк, санхүү, эдийн засаг, хууль эрх зүй, мэдээллийн технологи, компанийн засаглалын нэг болон хэд хэдэн чиглэлээр мэргэшсэн байх;

5.3.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч өөрийн хөрөнгөтэй байна. Өөрийн хөрөнгийн хэмжээ болон түүнд тавигдах нэмэгдэл шаардлагыг Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо хамтран батална.

5.5.Энэ хуулийн 5.2-т заасан өөрийн хөрөнгөнд гадаад улсад бүртгэлтэй хөрөнгө хамаарахгүй.

5.6.Иргэн виртуал хөрөнгийн үйлчилгээг үзүүлэхийг хориглоно.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх, хяналт тавих

6.2.Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй этгээдийг Монголбанк, эсхүл Санхүүгийн зохицуулах хороо виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэхгүй.

6.4.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн мэдээлэл нийтэд нээлттэй ил тод байна. Бүртгэлд өөрчлөлт орсон тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан байгууллага нь тухай бүр мэдээллийг шинэчилнэ.

6.10.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн гүйлгээ илгээх, хүлээн авах, харилцагч, харилцагчийн хүрээ хязгаар, гүйлгээ хийгдэх гадаад улс орон, эсхүл тодорхой хуулийн этгээд, гадаад улс орноос хөрөнгө оруулалт татах болон бусад үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож болно.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг

7.4.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн харилцагчийн тухайн үйлчилгээнд хамаарах виртуал хөрөнгө болон мөнгөн хөрөнгийг гүйлгээ, шилжүүлэг хийхэд бүрэн бэлэн байлгана. Бүрэн бэлэн байлгаж чадаагүйгээс үүдэн гарсан хохирлыг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч хариуцна.

7.10.8.виртуал хөрөнгийн гүйлгээ нь буцаах боломжгүй, залилан мэхлэх шинжтэй, эсхүл алдаатай гүйлгээнээс үүдэн гарах хохирол, хор уршиг нөхөн төлөгдөхгүй байх эрсдэл;

7.10.9.виртуал хөрөнгийн үнэ цэнэ нь зах зээлд оролцогчдын эрэлт хэрэгцээгээр тодорхойлогдох тул үнэ цэнийн хэлбэлзлээс хамаарч их хэмжээний алдагдал хүлээх эрсдэл;

7.10.10.виртуал хөрөнгө, виртуал хөрөнгийн үйлчилгээ нь залилан мэхлэх болон цахим халдлагад өртөх өндөр эрсдэл;

7.12.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь харилцагчийн мөнгөн хөрөнгө, виртуал хөрөнгийн дансыг тусад нь байршуулж ажиллана.

7.13.Харилцагчийн мөнгөн хөрөнгө, виртуал хөрөнгийн дансан дахь хөрөнгийг харилцагч, эсхүл харилцагчаас эрх олгосон итгэмжлэл бүхий этгээд захиран зарцуулах эрхтэй.

7.14.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэхээс бусад зорилгоор харилцагчийн мөнгөн хөрөнгө, виртуал хөрөнгийн дансан дахь хөрөнгийг захиран зарцуулахыг хориглоно.

Баримтын хадгалалт, хамгаалалт

9.1.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь тухайн үйл ажиллагааны явцад бий болсон цаасан болон дижитал баримтыг хүлээн авсан, эсхүл уг баримтыг үүсгэсэн өдрөөс хойш холбогдох хуульд заасны дагуу 15-аас доошгүй жил хадгална.

Мэдээллийн нууцлал

10.1.Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, тэдгээрийн албан тушаалтан, ажилтан энэ хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэхдээ олж авсан мэдээллийн нууцлалыг доор дурдсанаас бусад тохиолдолд шууд болон шууд бусаар задруулахыг хориглоно:

10.1.2.хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын зөвшөөрөлтэй холбогдох байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг гүйцэтгэх;

10.1.3.хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд прокурорын зөвшөөрөл шаардахгүй мэдээллийг хууль сахиулах байгууллагад өгөх;

10.1.4.тагнуулын байгууллага мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, түүнийг санхүүжүүлэхтэй холбогдох мэдээллийг шалгах;

10.1.5.шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоор нотлох баримт, мэдээлэл гаргуулах;

10.1.6.шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;

10.1.7.Монгол Улсын олон улсын гэрээний дагуу хүлээсэн үүргийг биелүүлэх.

Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

13.3.Эрх бүхий албан тушаалтнаас энэ хуулийн 13.2-т заасны дагуу өгсөн хугацаатай үүрэг, даалгавар, сануулга, шаардлагыг биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

13.4.Энэ хуулийн 13.3-т заасан шийтгэлийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлнэ.

13.5.Хуульд өөрөөр заагаагүй бол Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль тогтоомж зөрчсөнөөс учирсан хохирлыг Иргэний хуульд заасны дагуу нөхөн төлүүлнэ.

Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж баталсан тохиолдолд ирэх оны нэгдүгээр сараас мөрдөж эхлэхээр тусгажээ.

Холбоотой мэдээ