“Сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг орон нутагт З дугаар сарын 1-нээс, Улаанбаатарт 10-наас эхлүүлэх санал яригдаж байна

2021-02-23 21

Иргэдээ вакцинд хамруулж эхэлснээр сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг үе шаттайгаар нээхээр төлөвлөж байгаа талаар Улсын онцгой комиссоос мэдэгдээд буй.

Танхимын сургалтыг ямар журмын дагуу эхлүүлэх болон орон нутаг, Улаанбаатарт боловсролын байгууллагуудын үйл ажиллагааа хэзээнээс эхлэх талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

Энэ талаар эх сурвалж “Нэг ангид суралцах хүүхдүүдийн тоонд хязгаарлалт хийнэ. Өөрөөр хэлбэл, 20 дээр нэмж, хасах нь 5 гэдэг байдлаар, тухайн ангийн танхимын хэмжээнээс хамаарч энэ зохицуулалт хийгдэнэ” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг орон нутагт З дугаар сарын 1-нээс, харин Улаанбаатарт эрсдэлийн үнэлгээнээс хамаарч, 3 дугаар сарын 10-наас, бусад шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 4 дүгээр сарын 1-нээс эхлүүлэх санал яригдаж байгаа аж.

Хичээллэх журмын тухайд  БШУЯ-наас тодруулахад “Бид журмаа урьдчилсан байдлаар боловсруулаад УОК-т хүргүүлсэн. Эцэслэн батлагдаагүй тул мэдээлэл өгөх боломжгүй. Ерөнхийдөө халдвар хамгаалал, аюулгүй байдлыг маш сайн сахиулах үүднээс ажиллаж байна” хэмээв.

Боловсролын байгууллагуудын хувьд ногоон бүсийн буюу халдваргүй аймаг, сумдад 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс танхимаар шат дараатай хичээллүүлж эхэлнэ. Харин нийслэлийн хувьд эрсдэлтэй нөхцөлд хэвээр байгаа тул танхимын сургалтыг одоохондоо эхлүүлэх боломжгүйг УОК, болон Засгийн газрын зүгээс илэрхийлсэн.

Хөдөө орон нутагт дотуур байр, хичээлийн танхимыг халдваргүйжүүлэх зэргээр бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар Шадар сайд С.Амарсайхан мөн хэлж байв.

ТАНХИМЫН СУРГАЛТАД АЙМГУУДЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА ХЯНАЛТ ТАВИНА

Харин ЗГОНХХ-ийн дарга Ц.Ганзориг “Орон нутагт сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Аймгуудын онцгой комиссын дарга нар хариуцаж, хяналт тавьж ажиллана” гэдгийг хэллээ.

Мөн тэрбээр ЕБС-ийн сурагчид танхимаар хэзээнээс хичээллэж эхлэх талаар “ЕБС, цэцэрлэг бүх шатны боловсролын байгууллага хөдөө орон нутагт эрүүл бүсэд гуравдугаар сараас эхлэн хичээллэх хуваарийг Засгийн газраас гаргасан. Нийслэл Улаанбаатар хотод бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа одоогоор эхлэхэд эрсдэлтэй.

Эрсдэлийн үнэлгээг үндэслэн боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг хэзээ хэрхэн эхлүүлэхийг шийднэ. Орон нутагт хичээл эхлэх бэлтгэл ажлыг хангаад явж байгаа” гэдгийг Засгийн газар, Эрүүл мэндийн яамны хамтарсан өчигдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм.

Холбоотой мэдээ