Халдвар авсан сүмо бөхчүүд эдгэрч, бэлтгэлдээ оржээ

2021-02-22 22

Мэргэжлийн сүмогийн өнгөрөгч нэгдүгээр сарын хацү башёг 65 бөх covid-19-ийн халдвар авсны улмаас өнжсөн билээ. Тэгвэл өнгөрөгч Баасан гаригт халдвар авсан бөхчүүдийг дахин шинжилгээнд хамруулахад сөрөг гарсан ба бүрэн эдгэрсэн нь батлагджээ. Ийнхүү тэд ирэх харү башёд эхнээсээ зодоглоход бэлэн болжээ.

Дөрвөн дэвжээний 65 бөх халдвар авсны дотор ёкозүна Хакүхо М.Даваажаргал багтаж байсан. Өдгөө тэрбээр эдгэрч, бэлтгэлээ хэвийн үргэлжлүүлж байгаа гэнэ. Мөн Арашио дэвжээний дээд зиндааны бөх Вакатакакагэ эдгэрсэн бөгөөд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би эдгэрсэн. Бэлтгэлээ сайн хийж байгаа. Ирэх башёд сайн барилдах болно. Дэвжээн дээр юу хийж чаддагаа харуулахыг хүсч байна” хэмээжээ. Түүнээс гадна Томозүна дэвжээний Бразиль бөх Кайсэй эдгэрснийхээ дараа “Юуны түрүүнд хурдхан шиг формдоо ормоор байна” гэв.

Арашио дэвжээний ояката тэргүүтэй 12 бөх covid-19-ийн халдвар авсан билээ.

Харү башё ирэх гуравдугаар сарын 14-29-ний өдрүүдэд Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд явагдана.

Холбоотой мэдээ