Д.Сумъяабазар: Халдварын идэвх өндөртэй хэсгүүд дээр дахин тандалт шинжилгээ хийх шаардлагатай

2021-02-21 29

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдлаар мэдээлэл өглөө. Нийслэлийн онцгой комиссын Орон зайн дүн шинжилгээний багийн тооцоолсон Коронавирусийн халдварын тархалтын идэвхжлийн дүн шинжилгээг тэрбээр танилцуулсан юм.

Тус тооцооллоос харахад Чингэлтэй дүүргийн 2, 3, 6, 12, 13 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 11, 16, 18-р хороо, Баянзүрх дүүргийн 26, 25, 19-р хороо, Баянгол дүүргийн 2, 3, 6, 8, 10, 12, 14, 17, 24, 25-р хороо, Хан-Уул дүүргийн 2,3, 4, 11, 18, 19, 20-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 6, 29, 31, 40-р хороодод халдвар илрэх магадлал өндөр байгааг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэллээ. 

Тиймээс дүүргийн Засаг дарга нар зохион байгуулалтаа үргэлжлүүлж, эдгээр идэвхжлийн цэгүүд дээр дахин тандалт шинжилгээ хийх шаардлагатайг хэлсэн юм.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ өнөөдөр Баянзүрх дүүрэг дээр хэрэгжиж байгаа бөгөөд 13:25 цагийн байдлаар 32,363 өрхийг шинжилгээнд хамруулаад байгааг мэдээлэв. Мөн бусад дүүрэгт тандалтын явуулын баг шинжилгээ авч байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар НЭМГ-ын дарга Д.Бямбадоржид “Халдварын идэвх өндөртэй хэсгүүд дээр маш сайн анхаарч ажиллах ёстой. Мөн иргэдэд энэ талаарх мэдээллийг маш тодорхой өгч ажиллаарай” хэмээн үүрэг болголоо.

13 ТӨРЛИЙН 59 ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТУСГАЙ НӨХЦӨЛ ШААРДАНА

Энэ сарын 23-наас аж ахуйн нэгжүүдийн 95 хүртэлх хувийг салбар тус бүрийн тусгайлсан дэглэм журмаар хэвийн үйл ажиллагааны горимд шилжүүлэхээр шийдвэрлээд байгаа. Улмаар төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдүүд халдвар хамгааллын дэглэм баримтлан үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болж байгаа. Улмаар улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал хангагдах нөхцөл бүрдэх юм. Тиймээс Коронавируст халдварын тархалтын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журам, Худалдааны газрын үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг боловсруулсныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг танилцуулав.

Холбоотой мэдээ