Улсын хэмжээнд 2.1 сая хүн халамж хүртдэг

2021-02-18 51

“Ажил хийвэл ам тосдоно” гэдэг үг бий. Харин сүүлийн 30 жилд төр засгаас хэрэгжүүлсэн бодлого энэ үгийг “Хүүхэд гаргавал ам тосдоно”, “Хүнтэй суувал ам тосдоно” болгож өөрчилжээ. Гурван хүүхэд төрүүлсэн залуухан ээж “Сард 300 гаруй мянган “цаас” гар дээрээ авдаг. Зохицуулж чадвал болох л мөнгө, ажил хийх ч хэрэггүй” гэж ярихыг сонсоод сэтгэл сэртхийсэн юм. “Хүнийг хөдөлмөр бий болгосон” гэж ярьдаг. Аливаа бодьгаль хоол хүнс олохын тулд хөдөлмөрлөдөг нь жам. Гэтэл төрөөс сар бүр өгч буй хишиг нь хоол хүнсэнд нь хүрэлцээд байгаа тул хөдөлмөрлөх хүслийг нь унтрааж орхисон байна. Цаашид энэ байдлаар бэлэн мөнгө өгөх бодлого явуулж болохгүй.

Монгол Улсад жилд мянга, мянган ажлын байр шинээр бий болдог. Цаашид ч олон, олон ажлын байр бий болно. Гэтэл тэнд нь ажиллах хүсэлтэй хүн олдох эсэх нь бас л бүрхэг асуудал болоод байна.

10-аад жилийн өмнө Үндэсний статистикийн газрын судалгаагаар ажилгүйдлийн түвшин 25 орчим хувьтай байгаа гэж гардаг байв. Түүнээс хойш огцом буурч, 2018 онд 7.8 хувьтай болжээ. Гэтэл улсын хэмжээнд 2.1 сая хүн халамж хүртдэгийг яах вэ.

Хамгийн сонирхолтой нь захын дүүргүүдэд ажилгүйдэл хамгийн бага байх юм. Энэ оны эхний хагасын байдлаар нийслэлийн ажилгүйдлийг дүүргээр нь ангилж үзвэл захын гэгддэг Налайх, Хан-Уул, Багахангай, Багануур дүүрэгт ажилгүйдэл бага, төвийн дүүргүүд болох Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэйд өндөр байна. Энэ бол үнэхээр эмзэглэмээр баримт юм шүү.

Англид ажилгүй хүн төрөөс сар бүр тодорхой хэмжээний мөнгө аваад амьдралаа зохицуулдаг. Ажлын байр бүгд эзэнтэй болчихсон, зарим ажлыг роботод даатгасан учир ажилгүй сууж байгаа нь уг хүний өөрийнх нь буруу биш гэж үзэж ингэдэг юм. Зүгээр сууж байгаад мөнгө авсан эдгээр иргэд гадуур хоол идэж, дэн буудалд хоноглож, хөлбөмбөг үзэхээс өөрийг хийдэггүй. Засгийн газраас ажилгүйчүүдэд зориулж гаргасан мөнгө дэн буудлын газар, хөлбөмбөгийн баян багуудыг дэмждэг гэсэн үг. Нэг багаа үхэн хатан дэмжиж, хожсон ч хожигдсон ч дагаад л яваад байдаг үнэнч балиашигуудын ихэнхи нь ажилгүйчүүд байдаг гэдэг. Гэтэл манайд ажлын байр байсаар байтал иргэддээ халамж өгч байна.

мерикийн уугуул индианчууд сул цалин авч, задгай архидсаар байгаад одоо юу болж хувирсныг бүгд мэднэ. Манайх энэ янзаараа байвал удахгүй тэдний хойноос орох байх. Бас нэг сэтгэл зовоосон асуудал бол албан бус хөдөлмөр эрхлэгчид. Монгол улс одоо баялаг үйлдвэрлэдэггүй өртөг нэмж зарах аргаар амьжиргаагаа залгуулдаг “Албан бус хөдөлмөр эрхлэгчид”-ийн бүхэл бүтэн армитай болсон байна. “Худалдаж аваад зарах” гэсэн амархан зарчимтай тул энэ ажлыг хүмүүс харин ч нэг сайн хийж чадад байх шиг. “Аваад зардаг” хүмүүсээс гадна өөр бас нэг бүлэг байна. Тэд бол “нинжа” гэгдэх гар аргаар алт олборлогчид. Сүүлийн үед бирж дээр тоглож мөнгө олох сонирхолтой хүмүүс бас олширч байна.

“Аз сорьсон” гэдэг утгаараа энэ нь бүр донтуулдаг ч байж болох талтай. Хажууд нь ядуу байсан хүн гэнэт нэг өдөр баяжаад л, их төстэй. Алт ухаж, хувьцаа хадгалаад ганцхан хормын дотор тэнгэрийн умдаг ч атгаж мэдэх ажил хийж байгаа юм чинь тэд яаж барилгын туслах хийх юм бэ, тийм биз дээ. Дөрвөн хананы дунд ажиллаж “яг” харагдаач. “Олз гарч ирэнгүүт томхон залгичихаад бусад үед нь зүгээр хэвтэж байх ”Чонон сүлд”-тэй “чоно ажилгүйчүүд” дэндүү олон байна. Эднийг яаж эзгүй байгаа ажлын байрнууддаа чихэх вэ, дарга нар аа.

Эдэн дээр эдийн засагч, хуульч, эмч, жүжигчин гэсэн чамин мэргэжил эзэмшчихээд ажил голж суугаа цагаан захтнуудыг нэмчихвэл бүр ажил хийх хүн олдохоо байж ч мэднэ. Тэгэхээр, Засгийн газар “Ажлын байр шинээр бий болгох”-доо бүх хүнээ төмөр зам,  барилга дээр зүтгүүлэх гээд байж бас таарахгүй нь. Бэлтгэгдсэн боловсон хүчнээ харж , хаана хэдэн ажлын байр бий болгох вэ гэдгээ тооцоолох шаардлага бий. Нэгэнт бий болгосон мэргэжилтэн, боловсон хүчнээ ашиглах л ёстой.  Бас давхардсан халамжийн бодлогоо эргэж харах, тусламжийг зорилтот бүлэгт нь өгдөг болох нь зайлшгүй хийх ёстой ажил болж байна.

Зүгээр суугаад мөнгө авдаг хүн ажил хийгээд мөнгө ав гэвэл яаж хүлээж авах бол. Уг нь Засгийн газрын эдийн засгийг сэргээх хөтөлбөр хэрэгжээд ажлын байр бий болбол нийгмийн даатгалын сангийн ачаа хөнгөрөх сайн талтай юм. Ер нь Засгийн газрын эдийн засгаа сэргээх хөтөлбөрийн явц хэр байгааг халамж хүртдэг 2.1 сая хүний тоо, хүртдэг мөнгөний хэмжээ буурсан эсэхээр дүгнэж болмоор санж.   

Холбоотой мэдээ