
МИАТ ХК-ийн ТУЗ-ийн зарим гишүүн болон тус компанийн зарим удирдлага одоогоос нэг сарын өмнө Берлинд болох нэгэн хуралд оролцохоор УБ-Берлин чиглэлийн онгоцоор очжээ. Очоод бүгд 5 одтой нэгэн зочид буудалд цугтаа буусан байна.
Төрийн албаныхан хаа явсан газраа хонон өнжин архиддаг “уламжлалтай”. Шөнөжингөө архидаж байх хооронд өрөөнд нь ус алдсан ч бүгд согтуу байсан тул юман чинээ тоогоогүй аж. Зочид буудлын ажилтан ус алдсаныг мэдэж өрөөнд нь орж “түргэн авахуулсан” байна.
Зочид буудлын менежер цагдаад нэн яаралтай дуудлага өгчээ. Цагдаа хүлээх хооронд 30 орчим насны нэгэн монгол залуу буудлын хонгилд унаж тусаад, хэвийн бус шинжтэй холхиод байсан аж. Энэ хооронд цагдаа ирэхэд өнөөх залуу “Ямар сайхан өдөр вэ. Би удахгүй бурхантай уулзана. Дандаа ингэж амьдармаар байна” гэхчилэн хэвийн бус шинжтэй яриад байсан тул цагдаа үзлэг хийхэд согтууруулах төрлийн ундаа хэрэглээгүй, харин мансууруулах бодис хэрэглэж, өндөр хэмжээнд мансуурсан байсан нь тогтоогджээ.
Залууг цагдаагийн газарт авчирч байцаахад уг хүн Улаанбаатар-Берлин чиглэлийн онгоцны 2 дугаар ээлжийн жолоо барьж ирсэн, МИАТ ХК-ийн нисгэгч болох нь тогтоогджээ.
Мансуурагч нисгэгчийн аав нь мөн адил МИАТ ХК-ийн нисгэгч бөгөөд онгоцны даргаар ажилладаг нэгэн гэсэн мэдээлэл бидэнд олдлоо. МИАТ ХК-ийнхан уг мэдээллийг хав дарж, хамт явсан хүмүүстээ мэдээлэл тараахгүй байхыг хатуу анхааруулсан ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын чихэнд хүрснээс өнөөдөр ийн задарч байна.
“Нисгэгчийн хүүхэд нисгэгч болдог” гэх бичигдээгүй хуулийг өөрсдөдөө зохиож үр хүүхэд, хамаатан саднаа давуу эрхээр МИАТ-д үлдээж, дуртай албандаа томилдог, тэд нь амьдралдаа эрдэж энэ мэт алдаа дутагдал гаргаж байгаад хэн буруутай вэ? Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд хариуцлага тооцохгүй юм уу? УБ-Дарханы замыг хугацаанд нь оруулаагүй нь түүнд хариуцлага тооцох хангалттай нотолгоо болж байтал хар тамхи хэрэглэсэн МИАТ-ийн нисгэгч энэ салбарын нөхцөл байдлыг улам дордуулж байгаа бус уу.
0 cэтгэгдэлтэй