С.Амарсайханы “Алтан араа” Б.Баянмөнх

2019-12-23 241
-АТГ-ынхаан нийслэлд ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо хийгдэх гэж байна-

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй хачирхалтай гэмээр томилгоог хийхээр зэхэж байна. Тэрбээр хотын дарга болсныхоо дараа хувьдаа автозамын компанитай хүнийг Улаанбаатар зам засвар арчлалтын газрын даргаар томилсон хэрнээ одоо бүр Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын албан тушаалд зүтгүүлж эхэлжээ. Тодруулбал, хотын дарга С.Амарсайхан түүнийг тус албан тушаалд томилохын тулд Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаярыг нэг сарын өмнө өөрөөр нь өргөдлийг нь бичүүлж авчээ. Тиймээс л хэл амгүйхэн эл албан тушаалд Б.Баянмөнхийг яаралтай томилохоор түүнийг томилж болох эсэх тухай албан бичгийг 21 хоногийн өмнө АТГ-руу илгээсэн ч тус газраас татгалзсан хариу өгчээ.

Учир нь АТГ-ынхан Б.Баянмөнхийг “Мадимос групп”-ын захирал, Автозамчдын эрх ашгийг хамгаалах холбооны удирдах зөвлөлийн гишүүн учраас Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын албан тушаалд томилж болохгүй хэмээн татгалзсан хэрэг. Өөрөөр хэлбэл, нийтийн  хэлж заншсанаар Сонирхлын зөрчлийн тухай хуульд “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргуулан авч, АТГ-т хянуулахаар ирүүлэх, тус газар ажлын 10 хоногийн дотор хянан үзээд хариу мэдэгдэх зохицуулалттай. Энэ нь нийтийн албанд хэнийг томилох, томилсны дараа ашиг сонирхлын зөрчил үүсэх үү үгүй юу, хэрэгжүүлэх албан үүрэг нь тухайн хүний хувийн ашиг сонирхолтой харшлах уу үгүй юу гэдгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан АТГ-ын саналыг “сонсдог” гэсэн үг. Гэтэл илтэд ашиг сонирхлын зөрчилтэй Б.Баянмөнхийг хотын дарга ийнхүү дахин зүтгүүлж эхэлсэн нь үүний цаана ямар том эрх ашиг, сонирхол явж байна хэмээн хардахад хүргэж байна.

Угтаа бол  хэн, хэнд нь тодорхой ашиг бас сонирхол бий гэдгийг батлаад байх шиг. Б.Баянмөнх өмнө нь “Мадимос групп”-ын захирал байхдаа   “Автозам ашигласны төлбөр авах нь маш том хөшүүрэг болно” гэх гарчигтай ярилцлага өгч явсан нэгэн. Ямартай ч  тэрбээр одоо  Улаанбаатар зам засвар арчлалтын газрыг толгойлж байгаа хэрнээ нийслэлийн замыг өнгөтэй, өөдтэй байлгаж, засвар нөхөөсийг сайн хийж чадалгүй л өвөлтэй золгуулсан хүн. Олны мэдэхээр Дарь эхийн болон Баянгол дүүргийн Энхбаярын гэж нэрлэгддэг замуудыг харахад бүр ч ойлгомжтой. Зуны туршид ердөө ганц эвдрэлийг гурван удаа нөхсөн тохиолдол ч  бий. Үүнийх нь баталгааг замын нүх тойрох, тэмдэг, тэмдэглэгээнээс болж гарсан ослуудын тоо ч бататгаад өгнө.

Тийм байтал С.Амарсайхан Б.Баянмөнхийг ийн зүтгүүлж байгаа нь нэгэнт автозам ашигласны төлбөрийг нэмээгүй юм чинь Автозамын хөгжлийн газрын ажлыг унагах, цугласан, төсөвлөсөн хөрөнгийг нь өөрийн хүнээрээ “зохицуулалт” хийлгэх нь гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. Нөгөө талаар хэдхэн сарын дараа сонгууль болох гэж байхад заавал нийслэлд халаа сэлгээ хийх гэж буй нь анхаарал татаж байна. Шулуухан хэлэхэд  Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр С.Амарсайханы хүн биш учраас жийгдэх үе нь болчихсон хэмээн шивнэлдэх болсныг дуулгая. Үнэхээр албан тушаалтнуудыг халж, солихыг хүссэн бол нийслэлд нэмэртэй ажил хийсэн нь харагдахгүй байгаа хэдэн орлогчоо цөөлвөл татвар төлөгчдийн мөнгийг хэмнэж бага ч атугай орлого төвлөрөхсөн. Ийм л нэг нууцхан хачирхалтай томилгоог Хотын дарга С.Амарсайхан хийхээр зэхэж буй тул холбогдох хууль хяналтынхан анхааралдаа авахад илүүдэхгүй биз ээ. Бид энэ талаарх мэдээллийг дахин хүргэх болно.

Холбоотой мэдээ