УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Б.МӨНХТУЯА ПОНЗИ ЛУЙВАРЧИДТАЙ ХОЛБООТОЙ ЮУ?

2019-12-21 262

Cүүлийн үед “понзи схем” буюу санхүүгийн сүлжээний луйвар манай улсад газар авч иргэд олон мянгаараа хохирох болсон. Цагдаагийн байгууллага ч энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг удаа дараа анхааруулсаар байгаа.

Тэгвэл “Stamford Trading Technologies LP” гэдэг компанийн нэрээр монголд олон мянган иргэнийг хохироосон понзи луйврын асуудалд АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн асан Бүдээгийн Мөнхтуяа нэр холбогдоод байна. Тодруулбал, уг сүлжээний гол зохион байгуулагч Куатбек Болдхаан гэдэг хүн Монголоос залилсан мөнгөө гадагш шилжүүлж дуусаад оргон зайлах гэж байхад нь 2018.04.27-ны үдэш Бишрэлт зочид буудлаас баривчлан саатуулсан байдаг. Гэтэл УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа түүнийг суллаж авахаар танил талаараа яриулан өдөр шөнөгүй хөөцөлдсөөр байжээ. Улмаар Куатбекийн бүх бичиг баримтыг хураан авч, хилийн хориг тогтоосон аж. Гэсэн ч мөрдөн шалгах ажиллагааны явцад тэрээр ор сураггүй алга болсон байна. Түүнийг оргон зайлахад гишүүн асан Б.Мөнхтуяа тусламж үзүүлсэн үү, эсвэл хаа нэгтэй нуун орогнуулж байна уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

21077714_1381014538614760_4126363138701527085_n

“Стэмфорд” гэх луйврыг Монголд нэвтрүүлээд оргон зайлсан Куатбек Болдхаан

Их хэмжээний мөнгөө залилуулсан 6-7 мянган иргэний өргөдөл гомдлыг хүлээж авах, уг хэргийг мөрдөн шалгах тал дээр цагдаагийн байгууллага хойрго хандаж байгаа нь ч хардлага төрүүлж байгаа. Хохирогчдын төлөөлөл “Мөнгөө шилжүүлсэн, хүлээн авсан эзэн нь тодорхой байхад, бүр гол холбогдогчийг нь олоод өгчихсөн байхад цагдаа нар алдчихаад сууж байна. Энэ бүхэн цаанаа танил талдаа үйлчилсэн, ашиг сонирхлын зөрчилтэй байх магадлалтай” хэмээн ярьцгааж байна.

Богино хугацаанд өндөр ашиг амлаж, иргэдийг залилдаг энэ төрлийн луйварт амьжиргааны түвшин доогуур, мэдлэг мэдээлэл багатай иргэд хууртагдан олноороо хохирох нь түгээмэл. Харин хууль тогтоох дээд байгууллагын гишүүн байсан, тэр дундаа УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан Б.Мөнхтуяа яагаад энэ асуудалд нэр холбогдсон нь анхаарал татаж байна.

Баттай эх сурвалжийн өгч буй мэдээллээр “Стэмфорд” гэх луйврыг Монголд нэвтрүүлсэн Куатбек Болдхаан нь “ABA marketing” гэх бас нэгэн учир битүүлэг санхүүгийн бизнесийг Монголд оруулж ирсэн бөгөөд УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа энэ хоёр компанийн аль алинд их хэмжээний хөрөнгө оруулсан аж. Тийм ч учраас хамтрагчаа цагдаагаас суллаж авахаар хүчин чармайлт гаргасан байж болох юм.

…Монголчуудаас Стэмфорд-оор залилж авсан их хэмжээний мөнгө тэрхүү шинэ бизнесийн эх үүсвэр байхыг ч үгүйсгэхгүй…

Германд боловсрол эзэмшсэн инженер, хашир улстөрч Б.Мөнхтуяа хэт өндөр ашиг амласан луйврын сүлжээнд итгэж орох гэнэн хонгор биш гэдэг нь тодорхой. Тэгэхээр энэ хүн ямар нэгэн эх үүсвэр нь тодорхойгүй бохир мөнгийг энэ мэт сүлжээгээр дамжуулан угааж байсан юм биш биз гэсэн хардлага ч гарч байгаа юм.

Ямартай ч, Стэмфорд, АББА маркетинг хоёртой гишүүн асан Б.Мөнхтуяа нягт холбоотой гэдэг нь олон баримтаар тогтоогдож байна. Тэрээр, өмнө нь Стэмфордын гадаад дотоод дахь олон уулзалтад оролцож, зохион байгуулагчидтай нь зураг хөргөө татуулсан нь бий. Тэр ч бүү хэл дөрвөн сарын өмнө Куатбекийг баригдахад шөнө дөлөөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирж, гарган авахаар хөөцөлдөж байсан гэрэл зураг, дүрс бичлэг баримт байдаг.

23905450_947992998688251_1771829211112537750_n

Голд УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа, түүний зүүн гар талд сугадсан нь Евгений Першов. 2017.11 сар. Турк Истамбул

Тэгвэл одоо хамгийн ноцтой нь, Б.Мөнхтуяа бас нэгэн гадаад сэжигтнийг хуулийнхны гараас мулталж авахаар улайрч эхэлжээ. Тодруулбал, өмнө нь Стэмфордын луйварт гар бие оролцож, зохион байгуулалцаж байсан Першов гэх хижээл эр өдгөө мөн л АББА маркетинг гэгчид орчихсон Б.Мөнхтуяатай хамт Туушин зочид буудалд нууцлаг уулзалт зохион байгуулж байхад нь хохирогчид олж мэдээд өчигдөр орой /2018.08.15/ цагдаад хүсэлт гаргасан байна. Өнөө өглөө гадагш нисэх гэж байсан Першовыг одоо түр саатуулсан бөгөөд олигтой баримт нотолгоо олдохгүй бол, хамсаатан Б.Мөнхтуяа нь танил талаараа сайн хөөцөлдвөл мөн Куатбекийн араас орж, сураггүй болох магдалал өндөр байна.

Яагаад гэвэл, Першов гэгч нь цагдаа нарт “Би Стэмфордыг мэдэхгүй, хамаагүй” хэмээн мэлзэж эхэлжээ. Үнэн  хэрэгтээ энэ хүн бүхнийг мэдэх учиртай. Анх Стэмфорд гэх сүлжээг оруулж ирэх үед Куатбектэй хамт Монголд ирж, олон удаа сургалт уулзалт хийж байсныг нотлох хүн олон байна.

 

Zelinski

Ширээний наана суугаа нь Евгений Першов. Ширээний цаана хундага барин зогсоо нь Стэмфордын менежер Зленский. 2017 онд Стэмфордыг Монголд нэвтрүүлэх үеэр.

 

37511234_212623216273395_8435154961473470464_n

Стэмфорд, АББА маркетинг сүлжээний төлөөлөгч Евгений Першов. 2018.08.16 Туушин зочид буудлаас саатуулагдах үед.

Ядарсан монголчуудыг олон арван тэрбумаар хохироосон гадаадын луйварчид дотоодын улс төрч нэртэй задарсан хүмүүсийн тусламжтайгаар оргон зайлж, ял зэмгүй зугтдаг жишиг тогтоож таарахгүй. Монгол Улсад хууль, төр гэж байдаг бол энэ мэт ил цагаандаа гарсан завхралыг яаралтай таслан зогсоох шаардлагатай байна.

Ташрамд дурдахад, “Стэмфорд” гэх компанийн нэрээр Рокмон цамхагт оффис ажиллуулж олон хүний мөнгө авсан Н.Бат-Эрдэнэ, Бодь цамхагт оффис ажиллуулж байсан н.Алтансувд гэх мэт том лидерүүд нь алга болсон Куат руугаа бүх хэргээ чихээд уснаас хуурай гарах санаатай байгаа аж. Уг нь энэ хангалттай нотлох баримт, хариуцах эзэн, амьд гэрчүүдтэй хэрэг. Гэвч цагдаагийн байгууллага бүтэн дөрвөн сарын хугацаанд гол хүнээ “тавьж тууснаас” өөр үр дүнд хүрээгүй нь анхаарал татаж байна.

baterdene

Рокмон төвд “Стэмфорд”-ын оффис ажиллуулж байсан толгой лидер Н.Бат-Эрдэнэ

Altansuvd

Бодь цамхагт “Стэмфорд”-ын оффис ажиллуулж байсан толгой лидер н.Алтансувд

Энэ хэрэгтэй холбоотой олон ноцтой баримтууд бидэнд бий. Мэдээллийг үргэлжлүүлэн хүргэнэ.

 

Монголын Эрэн сурвалжлах сэтгүүлчид

Холбоотой мэдээ