Улаанбаатар хотын агаар дахь хүхрийн давхар ислийн хэмжээ 3-4 дахин нэмэгджээ

2021-02-04 75

Улаанбаатар хотын агаар дахь хүхрийн давхар ислийн хэмжээ 3-аас 4 дахин нэмэгджээ. Эрүүл мэндийн байгууллагаас хүхрийн давхар ислийн хэмжээ 40 микрограмм байвал хэвийн хэмжээнд гэж үздэг байна. Тэгвэл байгаль орчин аялал жуулчлалын яамны “агаар.мн” сайтын мэдээлж буйгаар зурагт орчим дахь хүхрийн хэмжээ 521 микрограммд хүрч байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ урд өмнөх жилүүдтэй харьцуулахад багассан үзүүлэлтэй байгаа. Гэсэн хэдий ч агаар дахь хүхрийн агууламж 2018 онд 67 микрограмм байсан бол 2020 онд нэг шоо метрт 211 микрограмм болж ихэссэн байна. Энэ нь сайжруулсан шахмал түлшинд байгаа хүхрийн хэмжээ их байгаагаас шалтгаалж байна. Мэргэжлийн хяналтын газраас нүүрсэнд агуулагдах хүхрийн агууламжийг нэгээс доош хувь байхаар зааж өгсөн байдаг байна. Тэгвэл сайжруулсан түлш дэх хүхрийн агууламж 0.8-0.9 хувь байдаг байна. Харин түүхий нүүрс дэх хүхрийн агууламж 0.3-0.5 хувь байдаг байна. Иймээс сайжруулсан түлш дэх хүхрийн агууламжийн хэмжээг улам бууруулах шаардлагатай байна. Хүхрийн давхар ислийн нөлөө хүний биед маш хурдан илэрдэг бөгөөд уг хийгээр амьсгалаад 10-15 минутын дараа л хүний биед нөлөөлж эхэлдэг байна. Амьсгалын замын өвчтэй, эсвэл астматай хүмүүс мөн ахмад настнууд болон бага насны хүүхдүүд илүүтэй өртдөг бөгөөд амьсгалын замд шингэж гуурсан хоолойг үрэвсүүлдэг байна. Иймээс гадуур гарахдаа агаарын чанарын хэмжээг тогтмол харж амны хаалтыг зүүх шаардлагатай байна. Түүнчлэн дэлхийн зарим орны тухайд бол агаарт хүхрийн давхар ислийн хэмжээ өссөн үзүүлэлттэй гарвал тэр өдрүүдэд нь иргэддээ санамж хүргүүлж, гадуур гарахаас аль болох татгалзахыг зөвлөдөг байна.

Холбоотой мэдээ