“Машин ачих үед эзэн нь ирвэл хүлээлгэж өгөх журамтай”

2019-12-21 413

Авто зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа тул нийслэл хотод хувь, хувьсгалын гэлтгүй ажил амжуулахын тулд аль нэг байгууллагын гадна автомашинаа байрлуулах зогсоол олно гэдэг ёстой нүдний гэм болсон. Бүр аргагүйд хүрвэл машинаа ачуулахгүйн тулд минутаар төлбөр нь тооцогдох зогсоолд машинаа тавиад яаруу сандруу ажлаа амжуулна. Энэ бол жолооч нарын нийтлэг төрх юм. Замын түгжрэлийг бууруулах үүднээс замын нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж, журамлах ажил олон жил дамжин үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар төрийн өмчит нэг, хувийн 13 ачилтын компани зориулалтын чирэгч автомашин ашиглан, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх ажил хийж буй. Тэд өөр өөрсдийн гэсэн журмын хашаатай. Нэг хашаанд өдөрт дунджаар 20-30 тээврийн хэрэгсэл “морилдог” бол 14 ачилтын компани өдөрт 100-150 машин журамладаг аж. Дээрх харилцааг 2015 онд батлагдсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-аар зохицуулж эхэлсэн. Харамсалтай нь, иргэдийн зүгээс автомашин байрлуулахыг хориглоно гэсэн тэмдэг тэмдэглэгээгүй газарт байршуулсан хэдээ ч ачилтын компаниуд тухайн эзэнд нь утасдаж мэдэгддэггүй, эзэн нь гарч ирэхэд чирээд зугтдаг, цагдаагийн шийдвэр, албан бичгээ үзүүлдэггүй хэмээх гомдол өнөөдрийг хүртэл гарсаар байгаа юм. Иймээс дээрх журамд 2019 оны зургадугаар сарын 7-ны өдөр шинэчлэн баталжээ.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ АЧИЖ БАЙХ ҮЕД ЭЗЭН НЬ ИРВЭЛ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ ЖУРАМТАЙ

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дотоод хяналтын мэргэжилтэн Ө.Төрбат хэлэхдээ Тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлэхээр хөдөлгөөн эхэлсэн тохиолдолд хөдөлгөөнийг цааш үргэлжлүүлнэ” гэсэн заалт хуучин журамд байсан бол шинэ журмаар ачих үйл явцад тээврийн хэрэгслийн эзэн ирсэн бол иргэнд хүлээлгэж өгөх тухай заалт орсон. Тодруулбал, “Тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлэхийн өмнө болон шилжүүлэхээр бэлдэж байхад буюу эвүүр, татлага, бэхэлгээ хийх явцад тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч ирвэл шийтгэл оногдуулж, хүлээлгэж өгнө” гэсэн байна. Харин тээврийн хэрэгслийг ачаад хөдөлгөөн эхэлсэн бол эзэн нь ирсэн ч гэсэн хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ” гэлээ.

МӨРГӨХ НЬ ХОЛГҮЙ АЧААД ЯВДАГ ЗЭРЭГ ГОМДЛУУД БАРИМТТАЙГАА НАДАД БАЙНА

Үүнээс гадна Нийслэлээс хууль бусаар автомашин ачих, ачилтын үед гэмтээх зэрэг зөрчлийн асуудлаар автомашин ачилтын үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдлагуудтай өчигдөр /2019.12.19/ уулзалт хийсэн байна. Энэ үеэр Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Авто машин ачилтын компаниуд иргэдийн машиныг ачихдаа гэмтээдэг, зогсоол дээр байхад нь ачих, хүн нь гарч ирээд гуйгаад уулзахаар мөргөх нь холгүй ачаад явах зэрэг гомдлууд баримттайгаа надад байна. Тухайлбал өнөөдөр өглөө “Тоёото” маркийн автомашиныг хөндлөн чирээд явж байгаа бичлэг сошиалаар цацагдсан. Энэ мэтчилэн ачилтын компаниудтай холбоотой гомдол санал манай ажлын албанд ч, Засаг даргын албанд ч их ирсээр байна. Тухайн машин дүрэм зөрчиж зогссон бол бид ачих үүрэгтэй ч хүний эд хөрөнгийг буруу тээвэрлэн гэмтээх эрх, үүрэг байхгүй” гэжээ.

ОЛОН БОДЛОГЫН БИЧИГ БАРИМТЫГ ХАА ХААНАА ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ

Харин Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Индра “Аж ахуйн нэгжүүдэд жилд нэг удаа шалгалт хийдэг байсан бол одоогоор улиралд нэг удаа шалгалт хийж байна. Энэ бол үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуй нэгжүүд. Иргэдэд үйлчилж байгаа тохиолдолд Хууль зүйн яамнаас гаргасан сайдын тушаал НИТХ-аас гаргасан тогтоол шийдвэр, Авто замын хөгжлийн газраас гаргасан гэрээ зэрэг олон бодлогын бичиг баримтыг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Буруутай автомашин байсан ч ачилтын үйл ажиллагааг явуулах жолоочдоо сургалт явуул, соёлтой үйлчил. Гурван удаа зарлан дуудна. Ирээгүй тохиолдолд Тээврийн цагдаагийн албаны зөвшөөрлөөр ач гэдэг үүрэг даалгаврыг удаа дараа өгсөн. Удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг нэр бүхий аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэхгүй алдаа дутагдал гаргаж байна. Үүнтэй хатуу тэмцэнэ. Гэрээгээ цуцална. Бид үйл ажиллагаагаа илүү сайжруулна” хэмээн онцолжээ.

Хэрэв ачигч компаниудын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан иргэн хохирол амссан бол нийслэлийн Авто замын хөгжлийн газрын утсанд болон цахим хуудсанд өргөдлөө гаргах боломжтой аж.

news.mn

Холбоотой мэдээ