БАЯРТАЙ МЭДЭЭ: ХОРТ ХАВДАРЫН МЭС ЗАСЛЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙХЭЭР БОЛЛОО

2021-01-14 58

Хавдар судлалын үндэсний төвийн Захирлуудын зөвлөл уржигдар буюу Нэгдүгээр сарын 11-ны өдөр хуралдаж “Өндөр өртөгт хэрэгслийн иргэн төлөх 25 хувийн төлбөрийг  авахгүй болсон” талаар  мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын /ЭМД/ тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн шинэ хуулиар даатгуулагчийн эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлийг хуваалцах, даатгалын үр шимийг хүртээх үүднээс эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн дээд хязгаарыг мөрдөхөө больжээ. Ингэснээр даатгуулагчид эрүүл мэндийн эрсдэл учирсан үед шаардлагатай тусламж, үйлчилгээний бүх зардлыг ЭМД-ын сангаас төлүүлэх бүрэн боломж бүрдсэн байна. 2020 онд  хүчин төгөлдөр хэрэгжиж байсан хуулийн хүрээнд даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын жилийн дээд хязгаарыг хоёр сая төгрөг байхаар тогтоожээ. Гэхдээ энэ дээд хязгаарт өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ, хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний зардал хамаарахгүй байхаар зохицуулсан байна. Хорт хавдраар өвчилж өвчиндөө шаналж, санхүүгийн хямралд ороод байгаа олон олон иргэний нуруун дээрх ачаа багавч болов хөнгөрчээ. Монгол улсад жилд дунджаар 800-900 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж,  400 гаруй хүн хагалгаанд ордог гэсэн судалгаа байна. Нийт тохиолдлын 95 хувь нь 45 болон түүнээс дээш насныхан байдаг байна. Харин хүйсийн хувьд эрэгтэйчүүдэд хоёр дахин илүү илрэх болжээ. Тиймээс 40 наснаас дээш хүмүүс жилд дор хаяж нэг удаа дурандуулж байх шаардлагатай. Хорт хавдар эхний үе шатандаа хүний биед зовиур өгдөггүй учир иргэд өөрсдийгөө хорт хавдартай гэж огт төсөөлдөггүйг мэргэжлийн эмч хэлдэг. Тиймээс иргэн та хэдий эрт оношлогдоно төдий чинээ эдгэрэх магадлал өндөр байдаг байна. Ходоодны үрэвсэл, хатангаршил, ургацаг гарах зэрэг маш олон өвчлөл байдаг учир тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж хэвших хэрэгтэй юм.

 

 

Холбоотой мэдээ