Хөөрхий дарга маань будилав уу? мэлзэв үү?

2019-12-20 229

Ингэж бичих үндэслэлийг эрхэм мэр С.Амарсайхан, НИТХ-ын дарга Р.Дагва төрүүлсэн хэрэг. Учир нь тэд нийслэлийн сан, хөмрөгөөс хэн хаана, ямар тушаал, шийдвэрээр хэдэн төгрөгийг нь зарцуулж байгааг мэдэхгүй явдаг бололтой. Тухайлбал, өнгөрсөн хэд хоногт Сүхбаатарын талбайг тойруулан боржин чулуу тавьсан нь олныг бухимдлыг багагүй төрүүлсэн. Учир нь анх хэн, хаанаас хэрхэн, яаж аваачиж тавьсан нь ч мэдэгдэхгүй байсан. Гэтэл гэнэт л Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Б.Алтаншагай хариуцан хийлгэсэн болохоо хотын даргад дуулгасан. Гэхдээ ямар хөрөнгөөр гэдгээ мэдэхгүй хэмээн мэлзсэн  С.Амарсайхан ч энэ талаар дурсаагүй. Харин ч бүр өнгө, үзэмжийг нь сайжруулахад анхаар хэмээн үүрэгдэж байв.

Тэгвэл боржин чулуу тавих энэ ажил С.Амарсайхан даргын мэдэхийн дээдээр мэдэж, өөрөө удирдсан ажил болох нь тодорхой болж байна. Тэрбээр 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр А/914 тоот захирамж гаргаж, боржин чулууны ажил гүйцэтгэхийг үүрэгдсэн байна.

Түүнчлэн тухайн ажлын 152 сая төгрөгийн төсөвт хөрөнгийг хаанаас гаргах буюу Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг ч зөвшөөрч, үүрэгдсэн байгаа юм. Түүгээр ч зогсохгүй дээрх ажлыг гүйцэтгэсэн компанийг ямар ч сонгон шалгаруулалтад оролцуулалгүй шууд л ажлынх нь хөлсний урьдчилгаа 60 гаруй сая төгрөгийг нь өгчихсөн байна билээ.

Ердөө 10 ч хүрэхгүй хоногийн хугацаанд бүх асуудал олонд ил болохоор байхад С.Амарсайхан дарга юуны учир нь худал хэлж, иргэдийн тархийг угаахыг оролдож байна вэ.

Нийслэлийн төсөв нь хаанаа ч хүрдэггүй, хүрэлцэхгүй байна хэмээн иргэдээс авах татвараа нэмэгдүүлэх гээд байхаас шаардлагагүй үйл ажиллагааг санхүүжүүлэхгүйгээр хэмнэлт хийж болдог гэсэн ойлголт хотын дарга нарт огт байдаггүй бололтой. Тиймдээ ч Автозам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлэхээр зүтгэж, эсэргүүцсэн иргэдийг үл тоож, эрхгүй намын дарга, Ерөнхий сайдыгаа үүрэгдэхэд л сая “үгэнд нь орсон”.

Ёстой л үүнийхээ горыг амсуулах гэсэн шиг, иргэдийг дахиад “автомашинтай жагсаал хийхийг чинь харна аа” хэмээн тавлаж буй мэт төв талбайг боржин чулуугаар хүрээлсэн.

Тэгээд ч зогсоогүй Автозам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхгүй. Гэхдээ хотод, энэ салбарт ирэх онд юу ч хийхгүй, хөрөнгө байхгүй хэмээн хоёр дарга эгээ л хусмаа чамласан хүүхдүүд шиг ярьж зогссон. Жилд хотынхоо иргэдээс 1 их наяд гаруй төгрөгийг төсөвтөө төвлөрүүлдэг хэрнээ ердөө 30-хан хувийг нь хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулдаг дарга нар үлдсэн 70 хувийг нь үйл ажиллагааны зардалдаа тусгадаг. Тэрхүү 70 хувиа хөрөнгө оруулалт болгож, бүтээн байгуулалтын ажилд ашиглах боломж нээлттэй байгааг хэнбугай ч хэлээд өгөх биз.

Хэрвээ хот өөрийнх нь хувийн компани байсан бол С.Амарсайхан дарга хэмнэлтийг ямар сайн хийж, ашгаа хүртэхийг хүсэх бол. Харамсалтай нь түүний хувийн өмч биш учраас улсын төсвөөс татаж, дээр нь нэмээд иргэдийн халааснаас ухаж авсан хөрөнгөө боржин чулуу мэтэд л зарцуулж явна. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, НИТХ-ын дарга Р.Дагва нарын хувьд ердөө л улстөрийн сонголт, томилгоогоор ажиллаж буй  болохоор  “хүний юманд хүрз барьсан…” хандаж байгаа нь энэ гэж хэлж болохоор. Ямартай ч олон нийтийн зүгээс ийм хүмүүсээр хотыг удирдуулмааргүй байна гэдэгтэй санал нэг байна.

Холбоотой мэдээ