Ээж нь хотод хөл хоригдож, эзэнгүй хүүхдүүд хүнд өвджээ

2020-11-28 116

Өмнөговь аймгийн Ханбогд сумаас энэ сарын 10-нд нийслэлийг зорьсон нэг гэр бүлийн гурван хүн хотод хөл хорионд орж, гэрт нь 16-тай хүү, нэг ой дөрвөн сартай хүүхдүүд нь үлджээ. Гэвч ой 4 сартай бяцхан охин өвдөн эмнэлэгт байгаа учраас яаралтай буцах хүсэлтэй байгаагаа УОК болон холбогдох байгууллагуудад уламжлаад байгаа аж. Ханбогдын сум дундын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа ой 4 сартай охины ээж Ц.Түмэнбаяр Ханбогд сумын Онцгой комисст ханджээ.

Ханбогд сумын иргэн Ц.Түмэнбаярын хадам дүү Б.Энхжаргал “Арваннэгдүгээр сарын 10-нд 20:00 цагийн хот хоорондын автобусаар эхнэр болон хадам эгч Ц.Түмэнбаярыг  эмнэлэгт үзүүлээд маргааш нь буцахаар Улаанбаатар хот руу явсан.  Тэр хоёр хот сайн мэдэхгүй болохоор нэг хоноод буцна гээд хүүхдүүдээ үлдээгээд гарсан. Гэвч тэр шөнө 03:00 цагийн үед Дундговь аймгийн пост дээр цар тахлын улмаас хөл хорио тогтоосон тухай дуулган нэг ч хүн буулгахгүй гээд хот руу тусгаарлалтад оруулсан. Ханбогдод манай 4-15 насны дөрвөн хүүхэд, Ц.Түмэнбаяр эгчийн 16-тай хүү, нэг ой дөрвөн сартай охины хамт үлдсэн.

Хотод ирээд  Баянзүрх дүүргийн  21 дүгээр хороонд байрлах холын хамаатны айлдаа буун тусгаарлалтад орсон. Байгаа мөнгө ч дууслаа. Хүүхдүүд тэнд хэцүү байна. Эгчийн бага охин өвдөн буцах асуудлаар Ханбогд сумын шуурхай алба, эмчид хандсан. УОК-ын утас руу холбогдож санал хүсэлтээ хэлсэн. Эхлээд гурав хоног тэсчих гэсэн ч хөл хорио сунгагдсан. Тав хоногийн өмнө ой дөрвөн сартай хүүхэд юм идэхээ болин сумын эмнэлэгт хандсанаар хүүхэд одоо сум дундын эмнэлэгт эмчлүүлж байгаа. Эмч “Танай хүүхдүүд бүгд ханиад хүрсэн байна. Та нар хүсэлтээ гарган яаралтай ирэх хэрэгтэй байна” гэсэн. Тиймээс эмнэлгийн бичгийг надад өгсөн. Хүүхдийн нарийвчилсан эмчээс зөвлөгөө хүртэл авсан. “Хүүхэд хоолноос гараад бөөлжих нь аюултай. Сум орон нутгийн холбогдох хүмүүс энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй” гэсэн. Сумын зүгээс энэ асуудалд анхаарлаа хандуулан Засаг дарга Ш.Эрдэнэжаргал хөөцөлдөж холбогдох бичиг баримтыг гаргаж өгөн Өмнөговь аймгийн Онцгой комисс руу явуулсан. Сумын их эмч хүртэл бидэнд бичиг гаргаж өгсөн.

Бид гурав 119.мн сайтад хандан цаг авч шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариунууд сөрөг гарсан. Өмнөговь аймаг халдварын А бүсийн зэрэглэл гээд арванхоёрдугаар сарын 7-н хүртэл иргэдийг орон нутаг руу зорчуулахгүй гэсэн.

Тиймээс аймгаасаа гарсан УИХ-ын гишүүнтэй холбогдон асуудлаа хэлэхэд “Бид УОК-т Өмнөговь аймаг руу гаргах хүсэлт өгсөн. Та нарыг асуудлыг маш сайн ойлгож байгаа. Шийдвэр гарахаар эргээд хэлье” гэсэн.

Хүүхдүүдийн өвөө, эмээ ах дүү нар тусалж байгаа. Гэхдээ яаралтай л гэртээ харих хэрэгтэй байна. Биднийг яаралтай нутаг буцааж туслаач, үр хүүхэд хэцүүдлээ.  Бид ч мөнгөгүй ар гэр ч мах, хоолгүй, амьдрал хэцүү болж байна. Айлд олон хонох хэцүү, харих гээд л тусламж гуйгаад явж байна. Сумын иргэдээсээ хүртэл тусламж гуйн зөвшөөрөл авах тал дээр бичиг явуулсан. Хэрвээ өмнө нь хөл хорио тогтоож магадгүй гэсэн бол бид юу гэж гурвуулаа нааш ирэх вэ дээ” хэмээн учирлалаа.

Ханбогд сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргалтай холбогдоход “Сумын зүгээс Ц.Түмэнбаярын асуудлыг шуурхай штабын хурал дээр ярилцсан. Бид аймгийн Онцгой комисст хүсэлтээ илгээсэн. Манай суманд бага насны хүүхэд нь үлдсэн хоёр ээжийн асуудал яригдаж байгаа. Тиймээс эхний ээлжинд нэн яаралтай энэ хоёр ээжийг авчрах асуудлыг холбогдох байгууллагуудад тавьсан” гэв.

 

Холбоотой мэдээ