САЙД АСАН Д.ГАНБАТ ЯЛГУУСАН КОМПАНИЙН ЗАХИРАЛТАЙ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ 200 САЯЫН АВИЛГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ

2020-11-16 62

Экс сайд Д.Эрдэнэбат, Б.Болорын хэргээс ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат, “Ялгуусан” компанийн захирал Л.Санжаадорж нарын 420 сая төгрөгний хохиролтой, 200 саяын хахуулийн гэх хэргийг тусгаарласан. Сайд асангийн мэдүүлснээр зохиомолоор төсөв нэмэгдүүлсэн гэх энэ хэрэг 2017 онд УИХ-ын дарга М.Энхболд өөрийн тойрогтоо ажиллах үеэс эхэлжээ. Зуунмод хотын иргэдтэй уулзах үед Зуунмод багийн 3,5 км, Баянхошуу багийн 2,5 км хатуу хучилттай замыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тавьж дуусгах яриа гарч ЗТХ-ийн сайдыг хариул бүр амла гэжээ. УИХ-ын дарга болон Н.Энхболд, А.Сүхбат гишүүний шахалтанд орсон сайд замыг тавина гэж амлаад алга ташилтаар шагнуулжээ. Сарын дараа орон нутгаас бичиг ирэхэд сайдтан Авто замын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргаа дуудаж уулзахад СЯ зөвшөөрвөл өмнөх төслөөс хэмнэгдсэн мөнгөөр “амлалтын зам”-ыг тавьж болно гэжээ. Ингээд Сангийн сайд Б.Чойжилсүрэнтэй яриад асуудлыг Засгийн газрын хурлаар оруулах болов. Цаг хугацаа бага тул тендер зарлахад нэгэнт оройтсон. Төв аймгийн “АЗЗА” компаниар хийлгэхээр болж яамдаас санал аваад Засгийн газрын хурлаар орж албажжээ. Тогтоолоор шууд гэрээ байгуулахаар заасан нь хууль зөрчсөн хэдий ч яамны хуулийн хэлтсийнхэн гаргалгаа олсон байна. Ингээд гэрээ байгуулагдаж замын эхэлжээ. Гэхдээ замын төсөв 4,3 тэрбумаас өсөж 500 сая төгрөгөөр нэмэгдсэн байсныг сайдтан хэзээ хойно нь мэдсэн гэнэ. Төсөв нэмэгдсэнийг Замын хөгжлийн төвийн дарга Р.Буд дуулгажээ. Хагас тэрбумээр ийнхүү нэмэгдсэн нь “Ялгуусан” компани гарч ирсэний дараа болжээ. Мөрдөн байцаалтын явцад компанийн захирал Л.Санжаадорж  хоёр ч удаа ЗТХЯ-нд ирж сайдтай уулзсан гэх баримт тогтоогджээ. Ингээд түүний компани “Төв АЗЗА”-гийн туслан гүйцэтгэгчээр оржээ. Л.Санжаадорж замын төсвийн 4,3 тэрбумыг чамлаж ийм мөнгөөр хийхгүй хэмээн яамны Автозамын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргад хүртэл хэлж ажлаас гарлаа хэмээн айлгажээ. Ерөнхий гүйцэтгэгчээ шахсаар байгаад Авто замчдын холбооноос шинжээч томилуулан технологи өөрчлөгдсөн, резаклын өртгийг шингээсэн хэмээн төсвийг 500 саяар нэмүүлж 4,8 тэрбум болгожээ. Мөрдөн байцаалтаар “Төв АЗЗА” компанийн нярав Анхбаяр “Ариг” банкны төв салбараас 466 сая төгрөг бэлнээр аваад “Биг” худалдааны төвийн хажууд байрлах “Ялгуусан” компани руу очсон баримт байдаг. Түүнийг Л.Санжаадоржийн  хамаатан болох компанийн нярав Ганбаатар угтаж авсан гэнэ. Тэнд мөнгөө тушаажээ. Энэ өдрийн үдээс хойш нь Д.Ганбат сайдын төрсөн эгчийн охин Х.Ганчимэгийн данс руу 200 сая төгрөг оржээ. Сайдтанд банкаар үйлчлүүлээд байх зав байдаггүй тул ийнхүү хамаатныхаа хүний дансийг ашигладаг гэж мэдүүлсэн. Гэхдээ тэрхүү 200 сая төгрөг нь “Ялгуусан” компанийнх бус харин бас нэгэн хамаатан болох “Саммит компьютерс технологи” компанийг үүсгэн байгуулагч Н.Ганзоригийх болж таарчээ. Тэрээр бэлэн мөнгөний хэрэгцээ гарахад сайд ахаасаа зээлдэг байсан гэнэ. Ингээд өрөө төлөхөөр ах руугаа ярихад Х.Ганчимэгт өгчих гэж хэлжээ. Экс сайд Д.Ганбат төрд 30 жил ажилласан аж. Доктор, профессор цолтой, ШУТИС-д багшилдаг байхдаа баривчлагдаж Ганц худагт 48 цаг суусан агаад үүнээсээ болж зам тээврийн салбарын 30 мянган ажилтан ажилчид болон оюутнуудаасаа ичиж зовжээ. Тэрээр өөрийх нь нэрийг бариад хэн нэгэн авлигал авсан байх магадлал өндөр тул шалгуулж заавал нэр төрөө цэвэрлэж авах гэнэ.

ЭХ СУРВАЛЖ  :   АЛИМ.MN

Холбоотой мэдээ