Халдвартай жолооч Д явсан маршрутаа худал мэдээлжээ

2020-11-13 145

Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” боомтоор 2020 оны аравдугаар сарын 14-нд орж ирсэн ачаа тээврийн автомашины жолоочоос коронавирусний халдвар илэрсэн билээ.

Тусгаарлалтаас гарснаас хойш дөрөв хоногийн дараа түүнээс халдвар илэрсэн ба Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы өчигдөр орой (2020.11.12) өгсөн мэдээллээр бол тээврийн жолоочоос хойш таван тохиолдол батлагдаад байгаа. Түүний эхнэр, хадам ээж, дүү болон дүүгийн ойрын хавьтлын хоёр хүнээс коронавирус илэрснийг ЭМЯ албан ёсоор мэдээлээд байна. Тодруулбал, Халдвар дотоодод тархсан тухайн өдрийн маргааш нь буюу арваннэгдүгээр сарын 11-нд түүний нэгдүгээр хавьтлын хүн болох хадам ээж болон дүүгээс нь коронавирусний халдвар илэрч, тусгаарласан тухай бид мэдээлсэн. Халдвартай иргэний дүү нь МУБИС-д суралцдаг бөгөөд түүнтэй хамт номын санд суусан эмэгтэй оюутнаас өчигдөр халдвар илэрч, тусгаарлаад байна.

Түүнчлэн эдгээр халдвартай иргэдийн мэдээллийг цуглуулах явцад коронавирусний халдвар авсан иргэн Д нь өөрийн явсан маршрут болон уулзсан хүмүүсийн тухай худал буюу дутуу мэдүүлсэн талаар эх сурвалжийн мэдээлэл ирлээ.

Халдвартай иргэн Чингэлтэй дүүргийн Нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлж, хурууны хээгээр тодорхойлолт авсан ба Сансарын “Си Юү” сүлжээгээр үйлчлүүлж, төлбөрөө бэлэн мөнгөөр өгсөн нь дахин олон тооны хүнд халдвар тараасан байх магадлал бий болгожээ.

Энэ нь олон нийтэд вирусын халдвар газар авах эрсдэл бий болгосон тул албаныхан шуурхай хуралдаж эхэлсэн байна. Түүний мэдүүлэг зөрснөөс үүдэн олон нийтэд халдвар тархах нэмэгдэх эрсдэл учруулж байгаа ба хуулийн байгууллагынхан камер шүүж, явсан маршрут, таарсан хүмүүсийг илрүүлэх ажлыг үргэлжлүүлж байгааг Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, хурандаа Ж.Амгалан мэдэгдээд буй. Мөн Жолооч Д-д иргэний үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр хариуцлага тооцох тухай яригдаж байгаа аж.

Энд онцлоход, улс оронд онцгой байдал үүссэн энэ үед бусдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл үүсгэхээр худал мэдүүлэх нь олон нийтийн эсрэг гэмт хэрэг болно гэдгийг хуулийн байгууллагынхан сануулж байна.

Холбоотой мэдээ