Ерөнхийлөгч Х.Баттулга бага Трампд бялдуучилсан уу

2019-12-18 296

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү Трамд Жр. энэ зун манай оронд айлчилж, Алтай таван богд уулан авираад явсан тухай мэдээлэл түгсэн. Харин нэн ховордсон аргаль, буга тэргүүтэй амьтдыг тусгай зөвшөөрөл авалгүй агнасныг нь олон нийт мэдээгүй өнгөрсөн.

Наймдугаар сард болсон уг үйл явдлын талаар ProPublica сайт өнгөрсөн долоо хоногт сөхөн мэдээлж, “Тусгай зөвшөөрөл авалгүйгээр ховордсон амьтныг агнасан, харин сүүлд Ерөнхийлөгч Х.Баттулгатай тусгаарчлан уулзаж тусгай зөвшөөрлийг нөхөж авсан” гэж бичсэн юм. Вашингтоны их сургуулийн профессор Кэтлин Кларк, “Ямар ч улстөрийн алба хашдаггүй энгийн нэг иргэнийг Дональд Трампын хүү гэдэг утгаар нь тусгайлан хүлээн авч уулзсан явдал зохимжгүй” гэх байр суурийг ч илэрхийлсэн.

1985 онд 50 мянга орчим байсан аргалийн тоо толгой 2009 онд 18 мянга болтлоо цөөрсөн учир эл амьтныг АНУ-ын ховордсон амьтны төрөл зүйлийн тухай хуулиар хамгаалсан юм. Бусад орнуудтай харьцуулахад аргаль олонтойд тооцогдох манай улсад аяллын журмаар ирсэн АНУ-ын нэгэн иргэний хийсэн эл үйлдлийг бид мэдсэн ч тоосонгүй юу.

Ямартай ч эх орон нь тоож, түүнээс хариуцлага нэхлээ. Тодруулбал, АНУ-ын “Биологийн олон янз байдлын төв” ТББ-аас АНУ-ын “Загас, зэрлэг ан амьтан хамгаалах байгууллага”-д хандан Трамд Жр.-ийн Монголд ан агнасан хэргийг нарийвчлан шалгаж өгөхийг хүссэн захидал илгээгээд буй. Мөн бусад орны хуулийг зөрчиж агнасан амьтан болон түүний эд эрхтнийг АНУ-ын хилээр давуулахыг хориглодог Lacey Act хуулийг зөрчөөгүй гэдгийг батлахыг шаардсан. Тус захидалд, “АНУ-ын ерөнхийлөгч байсан ч гэлээ барууны чинээлэг цагаан арьстнууд хууль бус ан хийх тусгай эрхтэй байх ёсгүй” хэмээн бичсэн билээ.

“Биологийн олон янз байдлын төв” ТББ-ын хуульч Таня Санериб, “Бага Трампын аргаль агнасан явдлыг зүгээр өнгөрүүлж болохгүй. Хэрэв үүгээр Монгол Улсын хууль зөрчигдсөн бол, агнагдсан амьтны толгой АНУ-ын ерөнхийлөгчийн хананд өлгөөтэй байх ёсгүй. Аргалийн тоо толгой огцом буурч буй нь бидэнд хатуу чанга, хууль журам дутагдаж буйн тод жишээ” хэмээн ярьсан.

Ерөнхий дүр зургаар нь харахад бага Трамп ямар нэг улс төрийн, эсвэл соёлын харилцааны үндсэн дээр манай оронд айлчлаагүй. Ан агнаж, аялах хувийн ашиг сонирхлоо биелүүлсэн. Үүнийг түүний төлөөлөгч, “Монгол руу хийсэн аялал цэвэр хувийн шинжтэй. Долоох хоногийн аяллын эрхийг эцгийгээ 2015 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс өмнө худалдаж авсан” гэж мэдэгдэн баталсан юм.

Хувийн аяллаараа хууль зөрчиж, нэн ховордсон амьтан агнаад буцсан Трампын эрх хүүг тусгайлан хүлээн авч уулзаж, ан хийх зөвшөөрлийг нь нөхөн олгосон Х.Баттулгын үйлдэл дэлхий нийтэд “бялдууч” төрхтэй харагдах аж.

Холбоотой мэдээ