Дуучин Э.Оюумаа 5 сая төгрөгийн хахууль өгсөн хэргээр яллагдагчаар татагдлаа

2020-11-08 324

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Э болон тус газрын шийдвэр гүйцэтгэгч Б.М нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан билээ. Учир нь тэдэнд Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон”, мөн “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс даалгасны дагуу АТГ, прокурорын байгууллагынхан НШШГГ-ын дарга, ажилтан хоёрт хахууль өгсөн дуучин Э.Оюумааг яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлжээ. Дуучин бүсгүйд НПГ-аас дээрх хуулийн 22.5-1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн аж.

Хурандаа Р.Э, шийдвэр гүйцэтгэгч Б.М нар “Ньюсиян” ХХК-д Дархан-Уул аймагт байрлах үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх тухай албан бичиг гаргаж өгөхийн тулд дуучин Э.Оюумааг аргагүй байдалд оруулж, дарга нь гурван сая, ажилтан нь хоёр сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг валютаар авчээ. Үүнээс гадна хурандаа Р.Э-г эрх мэдлээ урвуулж, нэгэн ХХК-д давуу байдал бий болгон, битүүмжилсэн хөрөнгийг нь цуцалсны улмаас уг компаниас төлбөр авагч иргэн С, 522 сая төгрөгөө авах боломжгүйд хүрч, шүүхийн шийдвэр биелэхгүй болгосон үндэслэлээр яллагдагчаар тооцоод байгаа юм.

эх сурвалж  http://taiz.mn/

Холбоотой мэдээ