Хүүгийн мөрөөдлийг биелүүлсэн Г.Тогтохсүрэн, Ч.Баярбаатар хүүд унадаг дугуй бэлэглэжээ

2020-10-30 161

Увс аймгийн Цагаанхайрхан сумаас Ч.Баярбаатар хүү үндэсний бөхийн УАШТд оролцохоор Улаанбаатар хотод иржээТэрбээр тэмцээндээ амжилттай оролцож, медаль авахаас гадна унадаг дугуй авах зорилго өвөртлөн иржЧ.Баярбаатар хүү тэмцээндээ амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн ч шагналын мөнгө нь унадаг дугуй авахад хүрэлцэхгүй учир ээж рүүгээ утсаар залгаж “Би унадаг дугуй авч чадахгүй болчихлоо” гээд уйлсан гэдэг. Хүүгийн ээжтэйгээ уйлаад ярьж буй зургийг цахим орчноос харсан Г.Тогтохсүрэн гэх охин Ч.Баярбаатарт унадаг дугуй бэлэглэжээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Өөрийг тань хүмүүс эрэгтэй хүн гээд байсан чинь эмэгтэй байжээ. Хүүхдийн мөрөөдөл биелүүлсэн сайхан үйлс хийсэнд нь баяр хүргэе?

-Баярлалаа. Харин тиймээ, бөхийн группэд унадаг дугуй бэлэглэсэн талаар нэг хүн сэтгэгдэл оруулсан байсан юм. Гэтэл хүмүүс намайг “Жинхэнэ монгол эр хүн. Бөхийн хийморьтой залуу” гэх мэтээр бичиж, олон хүн намайг эрэгтэй гэж бодсон байна лээ. Гэтэл би чинь эмэгтэй, 18 настай шүү дээ.

-Хүүгийн талаар анх хаанаас мэдсэн юм бэ?

-Бөхийн группэд нэг хүн хүүг тэмцээндээ түрүүлээд, шагналынхаа мөнгөөр дугуй авъя гэж бодож байсан боловч шагналын мөнгө нь хүрэлцээгүй тухай бичсэн байсан. Тэгэхээр нь би “Хүүд унадаг дугуй авч өгье” гэж сэтгэгдэл үлдээсэн. Гэтэл тэр группын админ нь над руу холбогдож, багшийнх нь дугаарыг өгсөн. Ингээд багштай нь яриад унадаг дугуйны мөнгийг шилжүүлсэн. Хүү унадаг дугуйгаа хараад баярласандаа надтай ярих ч сөхөөгүй, тэрүүгээр нэг баярлан гүйж байсан. Тэгээд дараа нь утсаар залгаад “Баярлалаа, эгчээ” гэсэн. Харин багш нь шавийнхаа өмнөөс илүү их баярлаж, надад нөхөр, хүүхэдтэй болохоор чинь “Зодог, шуудаг бэлэглэнэ” гэж амласан. Надад тэгж хэлэхээр нь үнэхээр сайхан санагдсан. Өчигдрийг хөл газар хүрэхгүй л баярлаж, сайхан л өнгөрүүллээ. Ч.Баярбаатар хүү Увс аймаг руугаа явчихсан болохоор би уулзаж амжаагүй ээ. Дараа нэг өдөр таарах байх гэж итгэж байна.

-Та эмэгтэй хүүхэд гэхэд бөх их сонирхдог бололтой?

-Манай гэр бүл хоёр талаасаа бөхийн удамтай. Тэр утгаараа би үндэсний бөхийг чин сэтгэлээсээ сонирхож, хаана бөхийн барилдаан болж байна тэр бүрийг алгасахгүй үзэхийг хичээдэг. Бөх гэхээр л өөрийн эрхгүй инээд хүрээд байдаг юм.

-Цаг гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Мөн хөөрхөн хүүгийн мөрөөдлийг биелүүлсэнд хүүгийн өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. 

-Баярлалаа. Хүн бүрт хүсдэг мөртлөө авч, биелүүлж чадахгүй зүйл байдаг ч өөр хэн нэгэнд түүнийг нь биелүүлэх боломж байж л байдаг. Бусдыг, ялангуяа хүүхэд баярлуулах сайхан шүү дээ.

Эх сурвалж: ergelt.mn

Холбоотой мэдээ