МАН-д элссэн Э.Магнайбаярт Баянгол дүүргийн Засаг даргын орлогчийн албан тушаал амласан уу

2020-10-22 79

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд АН, МАХН-ын хамтралаас Баянгол дүүргийн 23 дугаар хороонд нэр дэвшиж ялалт байгуулсан Э.Магнайбаяр нь МАН-д элссэн.

Түүний энэхүү үйлдлийг эсэргүүцсэн сонгогчид өчигдөр Баянгол дүүрэгт очиж Э.Магнайбаяр руу өндөг, гурил шидэж улмаар төлөөлөгчөөр сонгогдсон Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолыг нь авахуулахгүйгээр хөөж гаргасан. Сонгогчдын хувьд “Бид МАН-ын мөрийн хөтөлбөрийг сонгоогүй. Харин орон нутгийн сонгуульд хамтарч оролцсон АН-МАХН-ын мөрийн хөтөлбөрийг дэмжиж Э.Магнайбаярыг сонгосон. Гэтэл бидний саналыг үнэгүйдүүлж, худалдлаа” хэмээн шүүмжилж байгаа юм.

Баянгол дүүргийн ИТХ-д МАН 20, АН 18, ХҮН хоёр, МАХН нэг суудал авсан. Гэтэл МАХН-аас сонгогдсон ганц гишүүн болох Э.Магнайбаяр МАН-д элссэнээр тус дүүрэг дэхь МАН-ын хүчийг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Тус дүүргийн МАН-ын дарга Ж.Ганбаатар ч мөн ийм зорилгоор Э.Магнайбаярыг урвуулсан.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-аас Э.Магнайбаярт дүүргийн Засаг даргын орлогч болох амлалтыг өгсөн аж. Тийм ч учраас тэрбээр МАН-д элссэн гэх мэдээлэл байна.

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан өчигдөр манай сайтад ярилцлага өгөхдөө “МАН-аас албан тушаал болон бусад зүйлсийг амалж гишүүнээр элсүүлсэн байх магадлалтай” гэж хэлсэн билээ.

Холбоотой мэдээ