С.Ганбаатар: “Оюутолгой” АМНАТ-т 5 хувь, “Эрдэнэт” 16 хувь төлдгийг хэзээ өөрчлөх вэ?

2020-10-16 43

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан, “Оюу толгой” компанитай байгуулсан, шударга бус гэрээг эргэж харан, гэрээг сайжруулах ажлыг яаравчлах хэрэгтэй гэсэн юм. Тэрээр “Төсвийн орлого зарлага тэнцэх ёстой. Бид 4 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийн тодотгол баталсан.  Энэ нь бид хойч үеэсээ зөвшөөрөлгүйгээр мөнгө дээрэмдэж байна гэсэн үг. Зээл тусламжаар баяжсан орон байхгүй. Орлогыг нэмэх боломж бол Оюу толгой. Тэдэнтэй хэлэлцээний ширээний ард суух эрхтэй хүн нь Ерөнхий сайд. Тус компани өдөр шөнөгүй 400 тэрбум ам.долларын баялгийг зааж байна.  Тэгсэн атлаа АМНАТ-т ОТ 5, Эрдэнэт 16 хувийг төлж  байна. Энэ мэт засах зүйл их байна. “Эрдэнэт”-ийн 49 хувь улсын төсөвтэй мөн холбоотой. 49 хувь хаана яваа вэ? УИХ-аас Засгийн газарт өгсөн чиглэлд 49 хувийг яаралтай эргүүлэн авна гэж заасан. Та бүхэн 49 хувийг эзэмшигчидтэй маргалдаад яваа сураг байна. Төлсөн олон сая ам.доллараар буцаан авсан уу?  ” гэв.

Түүний асуултад Ерөнхий сайд хариулав:

-УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу бид “Оюу толгой” ХХК-тай хэлэлцээ хийж байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг улсад авсан. Цаашид тус үйлдвэр 100 хувь улсын мэдэлд байна. 49 хувийг эзэмшигчидтэй хувь тохирох гэж байна гэсэн мэдээлэл нийтэлсэн нь үндэслэлгүй. Ийм зүйл байхгүй. Ш.Батхүүгийн хөрөнгийг хуулийн байгууллагууд шилжүүлэн авсан.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгийг ахалж буй тул дараах мэдээллийг өгөв:

-Бид Рио Тинто компанитай 11 асуудлаар хэлэлцээ хийж байв. Гэвч тус компанийн удирдлагууд өөрчлөгдсөнийг та бүхэн мэднэ. Татварын маргаан Арбитрын шүүх дээр үргэлжилж байна. КОНИКС санаачилга хэмээх ЕХ-ны шинжээчидтэй хамтран ажиллаж байна.

Учир нь бид мэргэжлийн түвшинд ажиллах шаардлагатай. Дүгнэлтэд хүрэхэд хагас жил шаардлагатай. Засгийн гарыг төлөөлөн “Оюу толгой”-н ТУЗ-д багтах гурван гишүүн цаашид бүтэн цагаар ажиллах ёстой. Эдгээр гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулах зар тавихад 47 өргөдөл хүлээн авсан. Тэдний нэг нь далд уурхайн, нэг нь санхүүгийн, үлдсэн нэг нь олон нийттэй харилцах мэргэжилтэн байх юм.

Эрчим хүчний эх үүсвэрийг асуудлаа цэгцлэх шатанд орсон. Мөн “Оюу толгой” компанийн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл” рүү албан бичиг явуулсан. Оюутолгой хийх хэлэлцээ үргэлжилж байна гэсэн юм.

Холбоотой мэдээ