Монголын Үндэсний ЦИРК: Бид иж бүрэн шинэчилж байна

2020-10-16 115

Монголын Үндэсний Циркийг тойрсон асуудал болоод  засварын ажил ямар шатандаа явж байгаа талаар тодруулахаар өнөөдөр циркийг зорилоо. Гадуур нь барилгын өндөр хашаа босгосон бөгөөд хашааны хаалгыг дотроос нь цоожилсон байдалтай, хаалгыг нь нүдэхэд онгойлгоогүй юм.

Хашаан дотор нь экскаватор зогссон, нэг ч хүн харагдаагүй. Захиргаанаас барилгын үйл ажиллагааны талаар болон циркийг цаашид ямар өнгө үзэмж, техникийн тоног төхөөрөмжтэй болгох, циркийн зориулалтаар нь цаашид ашиглах эсэхийг асуухаар очиход хуучин байсан газраа байсангүй. Ойр хавийн хүмүүсээс асуухад циркийн урд талд байрлах Рояал Плазад захиргаа байгаа гэв. Гэвч дотор нь ажиллаж байгаа хүмүүс “Энд циркийн захиргаа байдаггүй” гэсэн хариултаас өөр зүйл сонссонгүй.

Циркэд ажиллаж байсан хүмүүс улсын манежийг хуулж, хүзүүвчийг авсанд бухимдаж, дахин циркийн зориулалтаар ашиглах боломжгүй болсон талаар бичиж байгаа билээ.

Нийгмийн сүлжээнд тавьсан зургаас циркийн дотоод орчныг бүрэн нураасан байгааг харж болохоор байна. Хашаандаа үзэгчдийн улаан сандалнуудыг овоолоод тавьсан байгааг доорх зургаас харж болохоор.

Соёлын сайд С.Чулуун циркийн хувьчлалтай холбоотой асуудалд “Монголын циркчид дэлхийд эхний гуравт орохоор сайн уран бүтээлчидтэй. Гэтэл өнөөдөр майхан дотор шороон дээр тоглож байна. Ажлын хэсэг байгуулагдсан, циркийн хувьчлалын асуудлыг судалж байна. Менежментийн гэрээгээр авсан хүмүүстэй уулзана. Циркийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх асуудлыг шийдвэрлэнэ. Гэрээнд циркийн үйл ажиллагаа тасралтгүй явахаар тусгасан” гэв.

Асашёорюү Д.Дагвадорж аваргатай холбогдож тайлбар авах гэсэн боловч нэг бол утсаа авахгүй, эсвэл холбогдохгүй байлаа.

Тэрбээр долоодугаар сард циркэд их засвар оруулах гэж байна гэсэн ганц өгүүлбэртэй тайлбар өгснөөс хойш одоогоор ямар нэг нэмэлт мэдээлэл өгөөгүй байна.

Өнөөдөр ЖиМобайл компанийн захирал Г.Дашням өөрийн Фэйсбүүктээ Асашёорюү аваргатай хамт авхуулсан зургаа тавиад “Сандраад боож үхэх гээд байгаа хүмүүст ганц л юм хэлчихье, Цирк гоё болно оо!” хэмээн бичжээ.

Г.Дашням захиралтай холбогдохоор залгахад мөн утас нь холбогдоогүй юм.

Циркийн менежер н.Цацралтай холбогдоход “Манайх албан ёсны мэдэгдэлдээ дэлгэрэнгүй бичсэн. Удахгүй шат дараатайгаар баримттай видео, фото гаргана.

Мэдэгдлээс бүх мэдээллийг аваарай” гэлээ. Циркээс гаргасан мэдэгдэлд: “Бид орчин үеийн техник хэрэгслээр иж бүрэн шинэчлэх ажил эхлүүлээд явж байна” гэсэн байв.

“Аса Консалтинг” компанийн Төрийн өмчийн хороотой 2008 онд хийсэн циркийг өмчлөх тухай гэрээнд /Зургийг Фэйсбүүкээс авав/ “Циркийг үндсэн үйл ажиллагааны чиглэлийг алдагдуулахгүйгээр ажиллуулах” талаар заасан байна.  /Улаанаар тэмдэглэсэн хэсэг/

Холбоотой мэдээ