СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Говь-Алтай аймагт орсон аадар борооны улмаас ДӨРВӨН ХҮН үерт урсаж амиа алджээ

2021-07-26 94

Сүүлийн өдрүүдэд баруун болон говийн аймгуудын зарим нутгаар их хэмжээний аадар бороо орж байна. Тус аадар борооны улмаас Говь-Алтай аймагт 6 айлын гэр, хоёр айлын 4 хүн үерт урсаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар үерийн улмаас “гэрийн гадаа байсан Land 80 маркийн автомашин 1км орчим, эмээлтэй морь 10 км орчим урссан” талаар мэдээлж байна.

Харин энэ талаар ОБЕГаас“Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн “Ногоо булгийн гол” гэдэг газарт уржигдар /2021.07.24/ өдрийн 15:10-15:40 цагийн орчим орсон усархаг бороо орсны улмаас уруйн үер бууж, 3 том хүн, 1 хүүхэд, 2 гэр, 1 автомашин үерийн усанд урссан тухай дуудлагыг мөн өдрийн 18:10 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

Мөн өдрийн 19:00 цагт тус сумын Гүү бариач багийн “Ногоо булгийн гол” гэдэг газраас /гэрээс урд зүгт 1 км-т/ Халиун сумын харьяат иргэн Р.Золжаргал /20 настай, эмэгтэй/-ын цогцсыг, 20:30 цагт /гэрээс урд зүгт 5 км-т/ иргэн Х /58 настай, эмэгтэй/-ийн цогцсыг, 21:00 цагт /гэрээс урд зүгт 4 км-т/ иргэн С /62 настай, эрэгтэй/-ын цогцсыг, өчигдөр /2021.07.25/ өдрийн 08:05 цагт “Хар толгой” гэдэг газар /гэрээс урд зүгт 9 км-т/-аас С /7 настай, эмэгтэй/-ын цогцсыг тус тус олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн” гэж мэдээллээ. Иймд иргэд та бүхнийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Холбоотой мэдээ