Хүчирхийлэлд байсан найман охины дөрөв нь жирэмсэн байжээ

2020-10-07 124

2020 он гарсаар Увс аймагт бэлгийн хүчирхийллийн найман хэрэг гарчээ. Хохирогчдын тав нь насанд хүрээгүй хүүхэд байна. Уг хэргүүд аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа аж.
Хамгийн харамсалтай нь хохирогч охидын дөрөв нь жирэмсэлсэн бөгөөд хоёрт нь үр хөндөлт хийж, жирэмслэлтийг таслан зогсоожээ. Харин нөгөө хоёр охины ураг үр хөндөлт хийх хугацаанаас хэтэрсэн тул хүүхдээ тээж төрүүлэхээс өөр боломжгүй болсон байна. Тэдний төрөх хугацаа тулсан учир эмнэлгийн үйлчилгээ авч, эмчийн хяналтад байгаа аж.
Охидын ар гэрийнхний зүгээс төрөх хүүхдүүдийг өсгөх сонирхолгүй, асрамжийн газарт шилжүүлэх хүсэлтийг холбогдох байгууллагуудад тавьж байгаа аж.
Цахиур.мн сайтын мэдээлсэн бэлгийн хүчирхийлэлд өртсөн есөн настай охинд холбогдох тусламжийг үзүүлэлгүй хоёр сарын хугацаа өнгөрснийг тус аймгийн ГБХЗХГ-ын мэхгэжилтэн нь хэлсэн байдаг. Энэ мэт нийслэлээс алслагдсан Увс аймагт насанд хүрээгүй хүүхдүүд хохирсон хэргүүд гарч байгаа ч тухайн аймагт хүүхэд хамгааллын чиглэлээр дорвитой ажил хийгдэхгүй өнөөдөрт хүрсэн байна. Хүүхдийг гэмт хэргээс хамгаалах зөвлөлийн даргаар нь аймгийн засаг дарга Д.Батсайхан ажилладаг ч тухайн албан тушаалтан хүүхдэд зориулагдсан төсвийг өөр зүйлд зарцуулдаг мэдээлэл ч ирж байна. Тухайлбал, хүүхэд хөгжлийн дэд хөтөлбөрийн төсөв болох 13 сая төгрөгийн долоог нь авч, малчлын зөвлөгөөн хийжээ. Энэ асуудалд тухайн үед нь нутгийн иргэд шүүмжлэлтэй хандсан ч “малчдын хүүхдийг зургаан настайд нь сургуульд оруулах нь олон бэрхшээлийг дагуулж байгаа зэрэг хүүхэдтэй холбоотой асуудлыг уг чуулганаар хэлэлцсэн” гэдэг тайлбарыг өгдөг байна.
Хүүхэд хамгаалал, хохирсон хүүхдэд хамтарсан баг тусламж үзүүлэх ёстой гэдэг ХЗДХ-ийн сайдын гаргасан журмын хэрэгжилт гэгчлэн холбогдох төрийн байгууллагууд Увс аймаг дахь нэгж рүүгээ анхаарах цаг нэгэнт болжээ.

Эх сурвалж: zarig.mn

Холбоотой мэдээ